Путин, Трамп хоёрын уулзалтын гол зорилгыг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-30 10:37:57
МОСКВА. /Vesti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путин, АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп нарын 11 дүгээр сарын 11-нд Францын нийслэл Парис хотод хийх уулзалтын гол зорилго бол “цагаа тохируулах” юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

Түүний хэлснээр, хоёр орны удирдагчдын уулзалтад бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна.
“Уулзалтын гол зорилго бол “цагаа тохируулах” юм. Орос болон АНУ-ын Ерөнхийлөгч нарт санал бодлоо солилцож хэлэлцэх ёстой маш олон асуудал бий гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Стратегийн тогтвортой байдалтай, ялангуяа Ойрын болон дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс АНУ гарахтай холбоотой маш олон асуудал байна” гэж Кремлийн төлөөлөгч онцлон хэлжээ.

Путин, Трамп нар мөн хоёр талын харилцааг хэлэлцэх төлөвтэй байна. Үүний сацуу Песков Парист болох уулзалтын үеэр баримт бичгүүдэд гарын үсэг зурахгүй гэж хэвлэлүүдэд мэдээлснийг няцаажээ.


Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жил ой тохиож буйтай холбогдуулан Францын нийслэл хотод зохион байгуулах олон улсын арга хэмжээний үеэр Орос болон АНУ-ын Ерөнхийлөгч хооронд хэлэлцээ хийх урьдчилсан тохиролцоонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жон Болтонтой Москва хотод уулзахдаа хүрсэн юм.
Холбоотой мэдээ