ОРХОН: “Янзага” зуслан 3 дугаар ээлжээ хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-22 15:04:58

Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 22/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн хүүхдийн “Янзага” зуслан 2025 оны  6 дугаар сарын 26-наас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч ажиллаж эхэлсэн.

 

Янзага зуслан энэ онд их засварын ажлаа бүрэн дуусаж хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангаснаар 7 дугаар сарын 23-наас 3 дугаар ээлжийн амрагч хүүхдүүдээ авахаар бүртгэлээ дахин эхлүүллээ. Их засварын ажлын хүрээнд захиргааны байр, амрах байр, кино театр, гал тогооны заал, гадна орчиндоо их засвар хийж, өнгө төрхөө сайжруулжээ. 


Янзага зуслан анх 1975 онд Эрдэнэт хотын цэвэр усны хангамж барих цэргийн ангийн казармын зориулалтаар барьж байсан түүхтэй.   


2002 оноос хүүхдийн "Янзага" зуслан нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, энэ хугацаанд нийт 110 сая төгрөгөөр 6 удаагийн засвар, үйлчилгээ хийжээ. 


Харин орон нутгийн төсвөөс 900 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийсэн бөгөөд цаашид "Янзага" зуслангийн үйл ажиллагааг жилийн дөрвөн улиралтай болгон хүүхэд, гэр бүл амардаг орчин бүрдүүлэхээр зорьж байгаа ажээ. 


Монгол Улсад усан бассейнтэй хүүхдийн зуслан гурав байдгийн нэг нь "Янзага". Зуслангийн давуу талаа ашиглан орчин үеийн стандартад нийцүүлэн цогц бүтээн байгуулалтыг хийснээр гэр бүл амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн үнэ цэнтэй орчин бүрдэнэ гэж аймгийн удирдлагуудын зүгээс үзсэн тул зуслангийн үйл ажиллагааг ийнхүү жигдрүүлээд байна.




Холбоотой мэдээ