Зарлагаа төлөвлөхдөө нэмүү өртөг дагуулсан үйл ажиллагааг санхүүжүүлэх нь чухал байгааг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-30 17:54:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нээлттэй нийгэм форумаас хийж буй “Монгол Улсын 2019 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт төсвийн орлогын талаар болсон бол өнөөдөр төсвийн зарлагын талаар хэлэлцлээ.

Энд оролцсон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хэлэхдээ, Манай улс Төсвийн тогтвортой байдлыг хангах хуулийг баталж байх үед эрдэс, таваарын бүтээгдэхүүний үнэ өсч, Улсын төсөв, төлбөрийн тэнцэл ашигтай болж ирж байсан. Харамсалтай нь, түр зуурын өсөлтөд хууртаж төсвөө тэлснээс болж эргээд төсвийн алдагдал өндөр болсон. Мөн хууль батлах үед “Төсвөө нэмэгдүүлэхээр болбол уул уурхайн өсөлтийг хасаад, цаана нь эдийн засаг өсч байвал тэр өсөлтөд нь тааруулж төсвөө тэл” гэж тодорхой хэлж, “Уул уурхайн баялгаа ашиглаж хөл дээрээ босоод, уул уурхайн бус салбартаа хөрөнгө оруулалтаа хий” гэж зааж байсан.

Гэвч өнгөрсөн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын хуулийг 10-аад удаа өөрчилж, төсвийн цоорхойг нэмэгдүүлж, эдийн засгийг уналтад оруулж болзошгүй байгаа тул хуулиа биелүүлж ажиллах хэрэгтэй байна” гэв.


Тэрээр, гадаад өрийн дарамтыг цаашид багасгах нь тулгарсан зорилт хэвээр байгааг онцолж, гадаадаас олон тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө орж ирж байгаа ч өрөө эгүүлэн төлөх хэмжээний хуримтлал үүсээгүй, төсөвт нэмэгдэл ачаалал өгч байна. Цаашдаа гаднаас зээлж авч байгаа эх үүсвэрийг ямар үнээр юунд зарцуулах гэдэгт хяналт тавьж ажиллах шаардлагатай байна” гэдгийг тодотгож байв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал, зөвлөмж, дүгнэлтийн талаар хэлэхдээ, “Нэгдсэн төсвийн алдагдлыг гадаадаас авахаар тохирсон зээл тусламжийн хэмжээнд буюу 1.3 их наяд төгрөгт тогтоох зөвлөмж өгсөн. Гаднын санхүүжилтээр барих зам, цэвэрлэх байгууламж, орон сууц, нисэх буудалд зарцуулах хөрөнгө оруулалтаас илүү алдагдал гаргамааргүй байгаа юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг 60-аас доошгүй хувиар бууруулах боломжийг авч үзэхийг зөвлөж байна” гэсэн юм


Судлаач Ж.Сайнзаяа, манайд урсгал зардал их хэрнээ нэмүү өртөг шингээхээр бүтээн байгуулалтад бага төсөв тусгаж байгааг хэлж байв. Тэрээр, төсвийн орлого төлөвлөлтөд тодорхой хэмжээний эрсдэлүүд байгаа учраас зарлагаа төлөвлөхдөө улстөржиж бус нэмүү өртөг дагуулсан үйл ажиллагааг санхүүжүүлэх нь чухал байгааг онцолж байв.


Тодруулга: Ирэх онд нийт 2,546.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 877 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс 1297.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 515 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2019 онд шинээр эхлүүлнэ. Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж нь нийт төсөвт өртгийн 32.3 хувь буюу 419.5 тэрбум төгрөгийн 279 төсөл, арга хэмжээ, барилга байгууламж  ирэх онд багтаж дуусах бол бусад нь он дамжина.




Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ