Улсын хэмжээнд бүртгэл мэдээлэл цахимжиж, гадаад паспортыг 10 жилээр эзэмших эрхтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-31 15:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн багц хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинээр хэрэгжиж буй хуультай холбогдуулан УБЕГ-аас улсын бүртгэлийн багц хуулийг сурталчлах талаар нэгдсэн мэдээлэл өгөх  сэтгүүлчдийн сургалтыг энэ сарын 30-нд зохион байгуулсан юм.

Сургалтад УБЕГ-ын дарга Б.Баасандорж, ХЗДХЯ- газрын дарга П.Сайнзориг нар оролцож, дэлгэрэнгүй мэдээллийг УБЕГ-ын Иргэнний улсын бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн газрын дарга Д.Болормаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Д.Батболд нар хийв. Мөн улсын хэмжээнд цахим үйлчилгээ эхлэх болсныг УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан мэдээллээ. Энэхүү багц хуульд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухайн хууль  хамаарч байна. Энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын 175 дугаар тогтоолоор Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан юм. Тус байгууллага иргэний 48, эд хөрөнгийн 49 болон хуулийн этгээдэд 27, архивын 34 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг аж. Багц хуулийн тухайд “Улсын бүртгэлийн дөрвөн багц хууль хэрэгжиж эхэлснээр бүртгэлийн байгууллага иргэнээс ямар ч мэдээлэл шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. Мөн тоон гарын үсэг гэх шинэ зүйлийг нэвтрүүлж байгаа нь онцлог. Үүнийгээ ашиглан иргэд бүртгэлийн газраас 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой болно. Ирэх сараас цахим системээр дамжуулах бүртгэлийн арван лавлагаа, хоёр төрлийн бие давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээрээ хүссэн лавлагаагаа авч, бүртгэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, цахим системээр дамжуулан төрийн бүх байгууллагуудаар тухайн иргэн бичиг баримтгүй үйлчлүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү багц хууль хэрэгжсэнээр цахим үнэмлэхний хэрэглээ нэмэгдэхээс гадна иргэд бүртгэлийн мэдээллийг түргэн шуурхай авч, цаг хугацаагаа хэмнэх боломжтой болно. Мөн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа сайжирч, үл ойлголцлоос үүдсэн бүртгэлийн зөрүүтэй тоон мэдээг цэгцлэх юм байна. 

Бүртгэлийн дөрвөн багц хууль хэрэгжиж эхэлснээр 100 айлд байрлалтай Улсын бүртгэлийн ерөнхий газрын ачааллыг жижиг нэгжүүд рүү шилжүүлж, ачааллыг бууруулна. Иргэний гадаад паспортыг нэг болон таван жилээр олгодог байсан бол арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэдэд арван жилийн хугацаатай олгодог болно. Ийнхүү иргэн та ердөө Иргэний үнэмлэхээрээ монгол орныхоо хаанаас улсын бүртгэлтэй холбоотой бүх мэдээллийг авч, гар утсаараа ч үйлчилгээ хийх боломжтой болно гэдгийг энэ сургалтаар мэдээллээ.

Холбоотой мэдээ