Мисс Э.Энхриймаа “Сайн ээж-сайхан дэлхий” уриалгыг дэлхийд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-31 15:53:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Саньяа хотноо ирэх 12 дугаар сарын 08-нд болох 68 дахь удаагийн “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 130 орнч бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр мисс Э.Энхриймаа бэлтгэлээ базааж байна.


Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг нэрлэдэг энэхүү тэмцээнийг 1951 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд нэгэн зэрэг 2 тэрбум хүн хүлээн авч үздэг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Монгол Улс тус тэмцээнд 2005 оноос тасралтгүй 14 дэх жилдээ гоо бүсгүйчүүдээ сойж байна. Энэхүү тэмцээн дэлхийн гэсэн тодотголтой тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа ялгардаг. Мөн авьяас, спорт, хүмүүнлэгийн ажлаас аль нэгийг нь сонгон авч онцгойрохыг чухалчилдаг байна. Мисс Э.Энхриймаа тус тэмцээнд “Сайн ээж-сайхан дэлхий” уриалгыг дэлхий нийтэд хүргэж, үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж эерэг хандлага төлөвшлүүлснээр эх дэлхийн олон асуудал, бэрхшээл шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлэхийг зорьж байгаа юм.

Тэрбээр 21 настай, Эрдэнэт хотын уугуул, Орос 14 дүгээр сургуулийг дүүргэсэн, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн IV курсын оюутан, орос, англи хэлтэй. Энэхүү тэмцээнд тэрбээр аман хуур, бүжгийн үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.


Тэрбээр хэлэхдээ, “Энэ тэмцээнд Монголчуудынхаа итгэл найдварыг өөртөө дагуулж яваа. Тиймээс “Дэлхийн мисс” тэмцээний үндсэн шалгуур болох долоон үзүүлбэрийг өдөр бүр нарийн цагийн хуваарийн дагуу бэлтгэж байна. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг шиг та бүхнийхээ итгэл найдварыг хүлээхийн тулд хамаг хүчээ дайчилж байна” гэв.

 

Мөн Монгол Улсад нэн тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг хөндөж “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан эхлүүлээд байна. Манай улсад сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насныхан эзэлж, жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн нас барж байгаа зэрэг сэтгэл эмзэглэм олон баримт түүнийг хүмүүнлэгийн ажлын энэ сэдвийг сонгоход хүргэжээ. Э.Энхриймаа Монгол миссуудтэйгээ хамтран "Сүрьеэгүй Монголын төлөө” видео сурталчилгаагаар дамжуулан сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг, зовиур, эмчилгээг бүрэн хийлгэж эдгэрэхийн ач холбогдол болон сүрьеэгээр өвчилсөн хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байхыг залуучууддаа уриалан, тэдний мэдлэгийг сайжруулж, хандлагыг өөрчлөхөд түлхүү анхаарч байгаа аж. Сүрьеэтэй өвчтөнүүдэд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн нэг чухал арга хэмжээ нь албан байгууллага, ард иргэдийн дунд “100+ төгрөг аян” эхлүүлсэн явдал юм. Хэдийгээр 100 төгрөг маш бага мөнгө боловч олон нийт хүчээ нэгтгэвэл оломгүй их далай болно хэмээн үзэж цуглуулсан мөнгөөрөө сүрьеэ өвчтэй 1600 хүний хэрэглэх аминдэм, элэг хамгаалах эм, бэлдмэлийг ХӨСҮТ-ийн удирдлагад хүлээлгэн өгчээ.

Дашрамд дурдахад, жил ирэх тусам “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байгаа монгол миссүүд амжилтаа ахиулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. Тухайлбал: сүүлийн 2 жил дараалан “People’s choice” номинацийн ялагчаар тодорч, 2016 оны оролцогч А.Баярцэцэг шилдэг 11-т, 2017 онд Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон юм. 

Холбоотой мэдээ