В.Путин, Н.Моди нар хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-06 10:54:56

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /AP/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийж, эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхээр тохиролцжээ. Оростой тогтоосон түншлэлээ эргэн харахыг АНУ-ын зүгээс Энэтхэгт шаардаж буй үед энэ уулзалт боллоо. 


Орос-Энэтхэгийн 23 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт нь АНУ Украины дайныг дуусгах энхийн хэлэлцээрийг байгуулахыг эрмэлзэж буй цаг мөчид болж байна. Украинд дөрвөн жил орчмын турш дайн үргэлжилж байгаа энэ үед энэхүү уулзалт нь Москва, Вашингтонтой харилцаагаа тэнцвэржүүлэх гэсэн Шинэ Делигийн хүчин чармайлтыг сорино хэмээн шинжээчид үзэж байна.


Хэлэлцээний дараа В.Путин, Н.Моди нар мэдэгдэхдээ, Энэтхэг, Орос улсууд 2030 он хүртэлх эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн боловсруулсан бөгөөд энэ нь хоёр талын эдийн засгийг төрөлжүүлэхэд тус дөхөм болохын сацуу 2030 он гэхэд худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэнэ гэлээ. Тэд мөн эрчим хүчний  харилцааг онцолжээ.


Хоёр улсын худалдааны эргэлт энэ оны гуравдугаар сард дууссан санхүүгийн жилд 68.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Худалдааны хувьд Энэтхэгийн хувьд ихээхэн алдагдалтай байгаа бөгөөд экспортыг нэмэгдүүлэх замаар алдагдлыг нөхөхийг эрмэлзэж байгаа ажээ.


“Энэхүү чухал зорилтод хүрэхийн тулд Орос-Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг тохиролцсон” гэж В.Путин хэлжээ. Тэрбээр мөн Энэтхэг улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаарх хэлэлцээ хийгдэж байгааг дурдаад, энэ нь худалдааг нэмэгдүүлэхэд тус дөхөм болж чадна хэмээн нэмж хэлсэн байна.


“Орос бол эрчим хүчний нөөц болон Энэтхэгийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх зүйлийг найдвартай ханган нийлүүлэгч юм” гэж В.Путин мэдэгдээд, бид хурдацтай хөгжиж буй Энэтхэгийн эдийн засгийг эрчим хүчээр тасралтгүй үргэлжлүүлэн хангахад бэлэн байна гэж хэлжээ.


Н.Моди хэлэлцээний дараа мэдэгдэхдээ, хоёр улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээрийг эрт байгуулахын төлөө ажиллах болно гэлээ. Тэрбээр мөн Энэтхэг улс удахгүй тус улсад ирж буй Оросын жуулчид болон бүлэг жуулчдад үнэгүй цахим виз олгож эхэлнэ хэмээн мэдэгдсэн байна.


Энэтхэгийн удирдагч эрчим хүчний аюулгүй байдал нь Энэтхэг-Оросын харилцааг урт хугацааны туршид өргөжүүлж ирснийг дурдаад, энэ чиглэлд хамтран ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна цэвэр эрчим хүч, хөлөг онгоц үйлдвэрлэх, бордоо, ажиллах хүчний чиглэлээр хамтран ажиллана гэлээ.

 


Холбоотой мэдээ