Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын галыг бадраалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /Kazinform/. Италийн нийслэл
Ром хотын Пьяцца дель Квиринале талбайд баасан гарагт Милан-Кортина-2026 өвлийн
Олимпын наадмын галыг асаах ёслол боллоо.
Грек улсаас онгоцоор авчирсан Олимпын
галыг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла асаах үед түүнтэй хамт Олон улсын
Олимпын хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Кирсти Ковентри, Милан-Кортина-2026 өвлийн Олимпын
наадмыг зохион байгуулах хорооны дарга Жованни Малаго нар байлцлаа.
ОУОХ-ны тэргүүн К.Ковентри баяр
хүргэн үг хэлэхдээ, Олимпын галын бэлгэдлийн хүчийг онцлоод, энэхүү гал нь үе
үеийн тамирчдыг нэгтгэж, ямарваа ялгаварлан гадуурхалтгүйгээр тэмцээнд оролцох
тамирчин бүрийн эрхийг хамгаалж, тэднийг урамшуулан зоригжуулж, нэгтгэхэд чиглэсэн
Олимпын хөдөлгөөний анхдагч үзэл санааг эргэн сануулж байдгийг дурдлаа.
Өөрийнх нь ОУОХ-ны ерөнхийлөгчөөр
сонгогдсоноос хойших анхны Олимпын тоглолт болох гэж буйг тэрбээр дурдаад,
энэхүү наадам нь тамирчид, дэлхий дахины хувьд яруу тод үйл явдал болно гэдэгт
итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Италийн Ерөнхийлөгч С.Маттарелла
ёслолд оролцогчдод хандан үг хэлэхдээ, Олимпын гал бол энх тайван, эв санааны нэгдлийн бэлгэ тэмдэг болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Олимпын тоглолтод
хүрэх зам нь түрэмгийлэл, дайсагналаас татгалзсан үе байх болно гэдэгт найдаж
байгаагаа илэрхийлээд, Милан ба Кортина хотуудад Олимпын тоглолтыг явуулахаар
шийдвэрлэсэн нь Итали орны нээлттэй байдал, үндэсний эв нэгдлийг харуулсныг дурдав.
Үүний дараа тэрбээр Жованни
Малагогийн гараас галт бамбарыг авч, Олимпын тогоонд галыг бадраалаа. Уг бамбарыг
Ром хотод авчирсны дараа Ж.Малаго, нэрт теннисчин Жасмин Паолини нар хүлээн
авч, буухиалан гүйсэн юм.
Улаанбаатар