УИХ-ын дарга БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 18:43:26

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.16/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ивана Добесоваг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ивана Добесоваг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Монгол Улсад зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.

Хатагтай Ивана Добесова, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. ЕАБХАБ-ын парламентын Ассамблейг Монгол Улс дээд хэмжээнд зохион байгуулж байгааг тэмдэглээд, манай төлөөлөгчдийг найрсаг дотноор хүлээн авсанд онцгойлон талархаж буйгаа хэллээ. Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс нь олон жилийн найрсаг харилцаатай. Үүнийг цаашид эрчимжүүлэн, өргөжүүлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хувийн зүгээс хоёр орны боловсрол, соёлын салбарын харилцаанд хувь нэмэр оруулах бололцоо байгаа. Тодруулбал, хөдөө аж ахуйн боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцох боломжоор хангах бололцоо бий гэв.

Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөгчдийг халуун дотноор угтан авсанд онцгойлон талархаад цаашид хоёр орны парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд Улсын Их Хурлын дарга З.Энхболд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд цаашид эдийн засаг, бизнесийн салбарынханы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэлэв. Хоёр орны боловсролын салбарын харилцаа олон жилийн түүхтэй, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас Монголын оюутан залууст 20 орчим жил тасралтгүй сургалтын тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлсэн юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн С.Оюун, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбрево, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова болон албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд