1000 тэмээний уралдааны үеэр Тэмээн поло зохион байгуулах боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 13:44:38

"Монгол тэмээ -999" уралдаанд оролцож байгаа бүх тэмээг мөнгөөр байлах боломжгүй, зохих журмын дагуу эхний байрт орсон тэмээдийг шагнаж урамшуулах гэнэ.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад зохих тогтоол журмын дагуу эхний байруудад шалгарсан тэмээг шагнаж урамшуулна гэлээ. Мөн  "Монгол тэмээ-999" арга хэмжээний хүрээнд буюу 3-р сарын 6,7-ны өдрүүдэд Тэмээн полог зохион байгуулах боломжгүй бөгөөд энэхүү гиннесд бүртгүүлэх 1000 тэмээний уралдаан болж өндөрлөсний дараа зохион байгуулвал хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ. Тэмээн полог зохион байгуулахад тэмээ бэртэж гэмтэх, уралдах боломжгүй болох  зэрэг эрсдэл байдаг учир Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлэх арга хэмжээний дараа зохион байгуулвал зохимжтойг хэлж байсан юм.

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилготой “Монгол тэмээ-999” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд бэлтгэл хангах ажил одоогоор 90 гаруй хувьтай явж байна. Уг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар аймгийн Засаг даргаар ахлуулсан 4 ажлын хэсэг ажиллаж байгаа юм. "Монгол тэмээ-999" арга хэмжээг угтан  Морь барианы газарт шаардлагатай ажлыг хийсээр байна. Тухайлбал туг далбаа байрлуулах, индэр барьж байгуулах үзэгчдийн суудлын тоог өргөтгөх ажлыг хийж 825 хүний суудалтай байсныг 1425 хүний суудалтай болгосон байна. 

Н.Золбаяр

Холбоотой мэдээ