Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн амьжиргааны нөхцөл байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-07 11:50:31

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний хэлтэс Жаргалант сумаас “Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ”-нд хамрагдсан өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх удирдамж, төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Удирдамжийн  хүрээнд  Жаргалант сумын 12 багийн 879 өрхийн жагсаалтын дагуу өрхийн хаягаар нь өрхүүдэд зочлон өрхийн амьжиргааны нөхцөл байдалтай танилцаж үнэлгээ хийлээ.


Тус сумаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй нийт 879 өрхөөс 623 өрх буюу 70,8 хувьд нь өрхийн  амьдрал ахуй, ажил хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний хүртээмж, нөхцөл байдалтай танилцаж, дэлгүүрийн үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгаа авчээ. Өрхийн жагсаалтаар хаягандаа байхгүй, утас холбогдоогүй, хаяг нь тодорхойгүй 256 өрхийн хаягийг тодруулах ажил зохион байгуулж байна.

Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй 1571 өрхөөс сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг зохион байгуулж үйлчилгээнд хамрагддаг өрхийн 92,8 хувь нь буюу 1459 өрхөөс судалгааг авч нэгтгэжээ. Судалгааны дүнгээс үзэхэд: Сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдсан нийт өрхийн 76,2 хувь нь өрхийн тэргүүн, “Танд үйлчилж буй хүнсний дэлгүүрийн үнэ, чанар, сонголт ямар байна вэ?” гэсэн асуултад  өрх иргэдийн 67,8 хувь нь маш сайн, Танд үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажилтан, банкны ажилтан болон хүнсний дэлгүүрийн үйлчилгээний ажилтнууд тантай зөв боловсон харилцаж байна уу? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 71,9 хувь нь сайн, Сар бүрийн санхүүжилт танай өрхийн хэрэгцээнд тус нэмэр болж чадаж байна уу? гэсэн асуултад судалгаанд хамрагдсан өрхийн 94,4 хувь нь маш их хувь нэмэр болж байна гэж хариулсан байна. Сэтгэл ханамжийн судалгааны үр дүн цаашид анхаарах асуудлаар Жаргалант сумын цахим эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж буй найман дэлгүүрийн төлөөлөлтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонслоо.

 

 

 

 

Холбоотой мэдээ