Цахим худалдааны эрсдлээс сэргийлэхийг зөвлөв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-11-18 11:56:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Цахим худалдааны эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд юуны өмнө аливаа мэдээллийг  баттай эсэхийг нь  судлах, мэдээлэл илгээгчийн намтар, түүх, албан байгууллагын хаяг, утас бодитой эсэхийг хянах хэрэгтэй. Хэрэв үүнийг нягтлахгүйгээр цахимаар худалдан авалт хийж мөнгөө шилжүүлэх, дансны мэдээллээ илгээвэл өөрийнхөө хувийн бүхий л мэдээллээ алдсанд тооцоорой хэмээн “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг” ТББ –ийн орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батжаргал хэллээ.  

Тэрээр энэ онд хийсэн ажлаа аймгийн удирдлагуудад тайлагнах үеэр дээрх үгийг хэлсэн бөгөөд “2018 оныг Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх жил” болгосонтой холбоотойгоор цахим худалдааны эрсдлийн талаар иргэдэд мэдээлэл өгсөнөө тайлагнасан юм.

Боловсролтой, мэдээлэлтэй иргэн, хэрэглэгч зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй гэр бүл, хамт олон, нийгмээ аливаа эрсдлээс хамгаалж чадна. Иймд хэрэглэгчдийн эрхийг хамгаалахын тулд тэднийг үнэн бодит мэдээллээр хангах нь чухал. Тиймээс Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай иргэдийг танилцуулах, ахлах ангийн сурагчдад цахим хэрэглээ ба эрүүл мэнд сэдвээр сургалт зохион байгуулсан байна.

Энэ онд тус байгууллагад 32 өргөдөл, гомдол ирсэний дийлэнх нь кабелийн телевизийн гаралттай холбоотой байсан аж. Үүнийг хуулийн хугацаанд шийдвэрлүүлсэн ч цахим хэрэглээ, цахим худалдаа, цахим тоглоомыг онцгойлон авч үзсэн гэж Б.Батжаргал мэдээллээ.

Холбоотой мэдээ