Тэмээний баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 17:37:24

Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгаас "Монгол тэмээ-999" арга хэмжээтэй холбогдуулан ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн салбаруудад хэвлэлийн бага хурал зарлалаа.

Тус хэвлэлийн бага хурлаар тэмээний баярын өдрүүдэд бусад аймаг сумд, гадаад дотоодоос олон тооны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж хөдөлгөөн ихсэх учир замын хөдөлгөөн болоод олон нийтийн зам талбайд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мөн олон нийтийг хамарсан баярын өдрүүдэд орон байрны хулгай дээрэм, зам тээврийн осол зэрэг хэргүүд их гардаг учир Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар болон Замын цагдаагийн тасгаас өндөржүүлсэн бэлэн байдалд бүх бие бүрэлдэхүүнээрээ ажиллахаар болоод байна. Иймд иргэд хөдөлмөрчиддөө дор бүхнээ сонор сэрэмжтэй байж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

Мөн тус үйл ажиллагаатай холбогдуулан Даланзадгад хотын хэмжээнд 2016 оны 3 сарын 5,6,7-ны өдрүүдэд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон Даланзадгад сумын Засаг даргын Захирамж гаргажээ.

Н.Золбаяр

Холбоотой мэдээ