Б.Батдэлгэр: ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой мөнгийг арилжааны банк авах нь шударга ёсонд нийцэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-13 16:17:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гийн дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулан ААН-д зээл олгосон “Капитал” банк эргэн төлөлтөө тус санд өгөхгүй байгаа талаар Баялаг бүтээгчдийн холбоо ТББ-аас мэдээлэв.


Баялаг бүтээгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮЯ-ны үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны төлөөлөл өнгөрсөн оны 10 сард хийсэн гурвалсан гэрээ надад байна. Гэрээнд дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж буй “Капитал” банк 2011 онд 28 тэрбум, энэ онд 17 тэрбум зээлийн гэрээний үлдэгдэл, түүнээс үүссэн алданги 2 тэрбум, нийлээд 48.4 тэрбум төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөх эрхтэй, алданги нь 0.014 хувьтай байх нөхцлөөр эргэн төлөхөөр байгуулсан.


Мөн гэрээнд “Төсвийн тухай хуулийн 38.1, ЗГ-ын хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 3-ны 43 дугаар тэмдэглэлд үндэслэсэн гэж бичсэн ч “43 дугаар тэмдэглэл”-д энэ гэрээний талаар огт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатын засгийн газар огцрохоосоо өмнө “Капитал” банкинд давуу эрх олгосон дээрх гэрээг байгуулсан.  Монгол Улсын Засгийн газар ЖДҮХС-гийн мөнгийг “Капитал” банкиар дамжуулан зээл олгох эрх зүйн үндэс байхгүй.


Хэрэв энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮХС-д орсон бол Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг болж, ажлын байр нэмэгдэх байсан. Цаашлаад Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ч нэмэр болох байв. ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой байсан зээлийн мөнгийг Капитал банк авч, эргүүлэн төлөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэв.


Мөн тус холбоо өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлаар "Капитал" банкны 99.8 хувийг эзэмшигч УИХ-ын гишүүн Б.Ундармаа, болон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгийн хорооны дарга Б.Чойжилсүрэнг шалгуулахаар АТГ-т хандсан тухай мэдэгдэв.

Холбоотой мэдээ