ШУА, Эрхүү хотын шинжлэх ухааны байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2018-11-13 15:59:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхүү хотын дарга Дмитрий Бердников манай улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл  Дмитрий Бердниковыг дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын ШУА, Эрхүүгийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Хөвсгөл болон Байгал нуурын хамтарсан судалгааны төсөл 1960-аад оноос эхэлсэн. Энэ төсөл одоо ч үргэлжилж байгаад талархалтай байгаагаа Эрхүү хотын дарга Дмитрий Бердников уулзалтын үеэр онцолсон юм.  

Тэрбээр мөн  Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд баримтат кино хийх, ирэх жил тохиох уг ойн арга хэмжээг  хамтран зохион байгуулах, ойтой холбоотой үзэсгэлэн Эрхүү хотод зохион байгуулбал хотын Түүхийн музейд зай гаргаж ѳгөхөд бэлэн байна гэсэн юм.

Хоёр тал  залуу эрдэмтдийн солилцоо, Одон орон судлалын тѳслийн талаар хамтран ажиллахаар ярилцаж тохиролцов.

Холбоотой мэдээ