Өсвөрийн аврагч бүсийн тэмцээнд “Онцгой долоо” бүлэг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-15 10:47:03

Ховд/МОНЦАМЭ/Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралтын баталсан удирдамжийн дагуу Баруун бүсийн аварга шалгаруулах "Өсвөрийн аврагч-2018" тэмцээнийг 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа

Баруун бүсийн тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.

Тус тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгуудын нэгдүгээр  шатны "Өсвөрийн аврагч" тэмцээнд тэргүүн байранд шалгарсан 6 өсвөрийн аврагч бүлгийн 42 сурагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

 Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн "Онцгой долоо" бүлэг бусдыгаа хошуучлан тэргүүн  байранд шалгарч, Цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, Улсын аваргын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Тэмцээний дэд байранд Завхан аймгийн "Хөгжил" бүлэг шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, гутгаар  байранд Говь-Алтай аймгийн "Сонор" бүлэг шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнуулав. 

Холбоотой мэдээ