Лалын шашинтнуудыг хорьдог төвүүдийн талаарх “цуу ярианд” анхаарлаа хандуулахгүй байхыг Хятад уриалав

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-14 15:16:46

БЭЭЖИН. /Lenta/. Шиньжааны лалын шашинтнуудыг дахин хүмүүжүүлэх газарт албадан хорьж байна гэх мэдээлэлд хүмүүс анхаарлаа хандуулахгүй байх хэрэгтэй. Ийм мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Германы Гадаад хэргийн сайд Хайко Маастай уулзсаныхаа дараа хийсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв.


Хятадын Гадаад хэргийн сайдын хэлснээр, терроризмтой тэмцэн, хэт давруу үзэл дэлгэрүүлэхийг таслан зогсоож, нийгмийн тогтвортой байдлыг хангах гэсэн орон нутгийн эрх баригчдын оролдлогыг хүмүүс ойлгож, дэмжинэ гэдэгт тэрбээр найдаж байна. Хүмүүс цуу яриа, хов жив сонсох хэрэггүй. Учир нь Шиньжаан-Уйгурын өөртөө засах орны Засгийн газар бүс нутагтаа юу болж байгааг болон бусдыг маш сайн ойлгодог гэж Ван И хэлжээ.


Тус бүс нутгийн эрх баригчдын үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн терроризмтой тэмцэхэд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй бүрэн нийцнэ. “Хэрэв бид халдлагыг таслан зогсоож чадахгүй бол терроризм газар авч, улам бэхжих болно” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, Шиньжаан-Уйгурын өөртөө засах орны лалын шашинтнуудыг олноор нь хорьдог лагериудаа хаахыг Өрнөдийн хэд хэдэн орон тухайлбал, Канад, Франц, Герман, АНУ Хятадын талд уриалжээ. Лалын шашинт уйгурууд хавчлага дарамтад өртөж байгаа байдалтай холбоотойгоор Хятадад хориг арга хэмжээ авах асуудлыг Вашингтон хэлэлцэж байна гэж өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байв.


Терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг дахин хүмүүжүүлдэг “мэргэжил-техникийн төвүүд” Хятадын Шиньжаан-Уйгурын өөртөө засах дүүрэгт байдаг тухай Бээжин аравдугаар сард анх удаа ярьсан билээ. Уг төвүүдэд “үзэл суртлын хүмүүжил олгож, ухаан бодлоо цэгцтэй болгоход, зан авираа засахад тусалж, төрийн хэл буюу хятад хэлийг заадаг аж”.


НҮБ-ын Хүний эрхийн хороо өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэхдээ, Шиньжаан-Уйгурт дор хаяж нэг сая үндэстний цөөнхийг хаалттай лагериудад хорьж байгаа тухай олон тооны баттай мэдээллийг хүлээж авсан гэжээ. Тэнд хоригдож буй иргэдийг дахин хүмүүжүүлэхдээ, “хувьсгалын дуунуудыг дуулуулж, Хятадын дарга Ши Зиньпиний үзэл санааг судлуулж, тэдний төрөлх хэл биш болох хятад хэлээр яриулдаг” гэж мэдээлсэн байна.


Афганистан, Пакистаны хэт давруу үзэлтэй лалын шашинтнууд хүн амын дийлэнх олонх нь лалын шашинтан болох Шиньжаан-Уйгурын өөртөө засах орноор дамжин Хятадад нэвтэрч байна гэж Бээжин мэдэгдэж байгаа юм. Хятадын Засгийн газрын тус бүс нутагт чиглэсэн арга хэмжээ нь терроризмтой тэмцэх бөгөөд лалын шашинт хүн амд хяналт тавих аж. 

Холбоотой мэдээ