Хог боловсруулах үйлдвэр байгуулж, иргэдийг ажилтай орлоготой болгох санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-16 16:24:31

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ, сумын ЗДТГ-аас Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төсөлтэй хамтран ИТХ-ын хороодоос иргэдийн оролцоотой хяналтыг хэрэгжүүлэх нь үйл ажиллагааг энэ оны 11-р сарын 5-наас эхлэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагааны хоёр дахь үе шатанд “Хог хаягдлын менежментийг сайжруулах нь нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр Жаргалант сумын иргэний танхимд зохион байгууллаа.

Нээлттэй хэлэлцүүлэгт Жаргалант сумын 12 багийн иргэд болон багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид, орон сууцнуудын СӨХ хариуцсан ажилтнууд 120 гаруй иргэд оролцов. 

Тус аймгийн төв Жаргалант сум буюу Ховд хотод өнөөдөр 12 багийн нутаг дэвсгэрт нийт 40 гаруй мянган хүн амьдарч байна. Хүн амын тоо, үйлдвэржилт нэмэгдэж байгаатай холбоотой хог хаягдал ихэсч, хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм.

Тус хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэртэй болох, архи ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, архи ундаа зарж борлуулдаг дэлгүүрүүдийг архи, ундааны шилийг эргүүлэн татах ажилд цэвэрлэхэд оролцоотой байх зэрэг маш олон үнэтэй санал, санаачлагууд гаргажээ.

Түүнчлэн орон сууцнуудын СӨХ-үүд хогноос салах шинэ менежменттэй болох, орон сууцны иргэд хог хаягдлаа ялгаж, ангилж сурах, өөрсдөөсөө гарч байгаа ахуйн бохирдолд ухаалгаар хандах зан үйл нэвтрүүлэх талаар санал гаргасан юм.

Мөн хувийн эмнэлгүүд, аж ахуйн нэгжүүд,айл өрхүүд орчиндоо маш их хэмжээний хог хаяж, түүнийгээ шатааж агаар орчин бохирдуулдаг зэрэг олон чухал асуудлуудыг энэ хэлэлцүүлгийн үеэр хөндөж тавилаа.

Хог хаягдлын асуудал ганц өнөөдөр ярьж байгаа сэдэв биш. Ховд аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлж, зөв дэд бүтэцтэй ухаалаг хот болох, Жаргалант сумын засаг дарга 2016-2020 оны хөтөлбөртөө Хоггүй Ховд хот болгож хөгжүүлэх зэрэг олон чухал зорилт тавьж ажиллаж байна.

Хог хаягдал бол мөнхийн тулгамдсан сэдэв байсаар ирсэн. Ийм учраас ард иргэдийн санаачлага, оролцоотой хог боловсруулах үйлдвэр байгуулж, ажилтай орлоготой болгох, Хоггүй Ховд хот болж хөгжихөд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролоос эхлэн амьдарч буй орчин, байгаль дээр хог хаягдалгүй аж төрөх арга ухааныг хэвшүүлэх нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцүүлэгт оролцсон иргэд онцлов.

Холбоотой мэдээ