Сураггүй болсон гадаадын 12 иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-04 16:22:37

Байгалийн онц аюулт үзэгдэлтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар мэдээлэл хийлээ.

Энэ сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гамшгийн болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар хэллээ. Мөн өнгөрсөн шөнийн байдлаар байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан эрхэлсэн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд өнөөдөр 16.00 цагийн байдлаар 81 хүнийг эсэн мэнд олж, Архангай болон Баян-Өлгий аймгийн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Сураггүй болсон иргэдийн дунд гадаадын 12 иргэн байсныг эсэн мэнд олсон  гэдгийг онцолсон юм.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар  3 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын онц аюулт үзэгдэл болох төлөвтэй байгаа учраас Улсын онцгой комиссын хэсэгчилсэн хурлыг яаралтай хуралдуулж, Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисст байгалийн онц аюулт үзэгдлээс урьдчилах сэргийлэх талаар холбогдох үүрэг чиглэлийг өгч, удирдлагаар ханган ажиллаж байна гэж мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ