Сэтгүүлч, МУСТА П.Энхтуяа тайз, дэлгэц хосолсон цэнгүүн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-17 15:28:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, хөтлөгч, МУСТА Пүрэвийн Энхтуяа “Гэгээн үдэш” уран бүтээлийн анхны цэнгүүнээ энэ сарын 22-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулах гэж байна.

Тус цэнгүүн нь тайз, дэлгэц хосолсон анхны уран бүтээл болж байгаагаараа онцлог юм. “Гэгээн үдэш” цэнгүүний талаар П.Энхтуяа хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “Энэхүү цэнгүүнд Монгол Улсын УГЗ Г.Чулуунбат, МУГЖ Л.Чулуунчимэг, МУСТА Д.Март,  МУСТА Я.Гэрэлчулуун  болон дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид оролцоно. Мөн  UBS телевизийн “Сайнаа, сайн уу?” ток шоу нэвтрүүлэг “Уурхайчин” соёлын ордны тайзнаас цэнхэр дэлгэцээр шууд хүрнэ” гэсэн юм. 

Эрдэнэтийн телевизийн салбарын анхдагчдын нэг, МУСТА П.Энхтуяа нь 29 дэх жилдээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бөгөөд 2013 онд “Миний өгүүлсэн хорвоо” нэртэй шилдэг өгүүллэгийн аудио цомог, 2015 онд “Хуран мэдэхүйн зам” дурьдатгал, түүхийн нийтлэлийн эмхэтгэл, 2018 онд “Насны цөвийг амирлуулагч гурван бурханы судар”, “Ловон Бадамжунай” хос цомгийг бие даан гаргаж байсан юм.

Холбоотой мэдээ