Он гарсаар Ховд аймгийн нутагт гурван удаа хүчтэй газар хөдлөлт болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-19 15:25:51

Ховд/МОНЦАМЭ/Тус аймгийн төв Ховд хотод өнгөрсөн долоо хоногийн эхээр буюу амралтын үеэр газар хөдлөлт зарим хүмүүст мэдрэгдэж, орон сууцны цонх шажигнах, гэрт байсан хүний толгой эргэх зэрэг мэдрэмж төрсөн байна. Энэ тухай хаана хэдэн баллын газар хөдлөлт болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Ховд аймаг дахь салбарын мэргэжилтэн  Х.Ганзоригоос тодрууллаа.

Энэ оны 11 сарын 10 –ны байдлаар  Монгол орны баруун бүс нутгийн хэмжээнд 9500 орчим газар хөдөлөлтийн мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний 87,6 хувь  буюу 8000 гаруй нь ойрын газар хөдлөлт байгаа юм. Мөн энэ онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмоор магнитуд нь 3,5 –аас их буюу хүнд мэдрэгдэм чичирхийлэл 38 удаа бүртгэгдсэнээс зөвхөн Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хүчтэй газар хөдлөлт 3 удаа боллоо.

Энэ  оны 11 сарын 09-10д шилжих шөнө орон нутгийн цагаар 00 цаг 14 минутад Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас урд зүгт /Өргөрөг 47.64N, Уртраг 90.68E/ 25 км-ийн зайд магнитуд нь M=4.0эй /голомтондоо 5-6 балл/ газар хөдлөлт болж Ховд аймгийн төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичиргээ  мэдрэгдсэн. Тус газар хөдлөлтийн голомт Ховд аймгийн төвөөс 80км, Ховд аймгийн Ховд сумаас 73км, Ховд аймгийн Дуут сумаас 68 км зайд байлаа.

Энэ бүс нутагт өнгөрсөн  оны 03 сарын 13-ны өглөө орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-ийн зайд магнитуд нь M=4.2ой /голомтондоо 5-6 балл/ газар хөдлөлт болж Ховд аймгийн төвийн иргэдэд мөн чичиргээ мэдрэгдэж байсан байна гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ