Тэргүүлэгчдийн ирц бүрдээгүйгээс бүтэн улирал хуралдаж чадаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-19 16:44:23


  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болж аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдааны товыг зарласан байна. Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн долоодугаар хуралдааныг энэ сарын 29-30-нд, наймдугаар хуралдааныг ирэх сарын 3-4-ний өдрүүдэд тус тус хуралдуулахаар болсон байна. Уг хуралдаануудаар аймгийн 2019 оны төсөвт тодотгол хийх, аймгийн 2018 оны нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийг хэлэлцэх, 2019 оны нийгэм эдийн засгийн зорилтыг тодорхойлох, 2019 онд иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлэх газрын төлөвлөлтийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц бүрдэхгүйгээс улбаалан бараг улирал шахам хугацаанд хуралдаагүй байсан бөгөөд ямартай ч энэ удаад 54,5 хувийн ирцтэйгээр хуралдаж, зарим асуудлыг шийдвэрлэн, дараагийн нэгдсэн хуралдааны товыг ийнхүү зарласан байна.  

Он гарсаар тэргүүлэгчдийн хуралдаан хэлэлцэх асуудлын хүрээнд удаа дараа болж байгаа ч 100 хувийн ирцтэй хуралдсан түүх байхгүй аж. Өөрөөр хэлбэл, тэргүүлэгчид хувийн ажлаа илүүд үзэж, тэргүүлэгчийн үүргээ мартсан гэж хэлж болохоор байгаа юм. Энэ асуудалд аймгийн ИТХ-ын ажлын албанаас авч буй арга хэмжээ ч алга байна. Иймээс хуралд ирэхгүй байгаа тэргүүлэгчдийг чөлөөлөх асуудлыг нэгдсэн хуралдаанаар авч үзэх хэрэгтэй байна хэмээн зарим тэргүүлэгчид үзэж байна. 

Холбоотой мэдээ