Нийслэлийн хуульчид зөвлөлдөв

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-11-22 16:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хуульчдын ээлжит зөвлөгөөнийг “Олон нийтийн сүлжээнд оролцогчдын эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар хотын соёлыг төлөвшүүлэх нь” сэдвийн дор өчигдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны болон цагдаа, хуулийн байгууллагын удирдлага, хуульч, эрх зүйн ажилтныг төлөөлж 60 гаруй албан хаагч оролцлоо. “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү хөтөлбөрийн зорилгыг “Нийслэлийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх замаар эрх зүйн соёлыг түгээн, хөгжүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байна. Хөтөлбөрт тусгагдсан нэг чухал ажил нь олон нийтийн сүлжээн дэх харилцааны соёлыг дээшлүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар хотын соёлыг төлөвшүүлэх явдал юм. Энэ удаагийн зөвлөгөөнийг дээрх сэдвийн дор зохион байгуулж, нийслэлийн хуульчдаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж, 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлсон ач холбогдолтой болов. 

Холбоотой мэдээ