Шинэ Зеландын эрэгт 140 гаруй далайн гахай шидэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-11-26 13:55:56

МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд доод тал нь 154 далайн гахай /дельфин/ Шинэ Зеландын Стьюарт арлын эрэгт шидэгдсэн тухай "Radio New Zealand" радиогоор тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны үйлдвэрлэлийн менежер Рена Леппенсийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус радиогоор мэдээлснээр, бямба гарагийн орой арлын баруун хэсгийн Мейсон булангийн өмнөд эрэгт далайн гахайн хоёр сүрэг шидэгдэн гарсан байна. Энэ амьтдыг олох үед тал нь үхсэн байсан бөгөөд үлдсэнд нь нойрсуулдаг тариа хийжээ. 


“Амьд үлдсэн далайн гахайнуудад усанд нь буцааж тавьсан тохиолдолд амьд гарах магадлал харамсалтай нь маш бага байсан. Ийм шийдвэрийг гаргахад үргэлж хүнд байдаг” гэж Леппенс хэлсэн байна.


Шинэ Зеландад халим, далайн гахайнууд эрэг дээр шидэгдэх тохиолдол байнга гардаг. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт тохиолддог халимны төрлийн загас олноороо ийнхүү эрэг дээр шидэгддэгийн учрыг одоог хүртэл олж чадаагүй байгаа юм. Хэрэв дельфинүүдийн нэг нь эрэг рүү шидэгдвэл сүргийнхэн нь туслахыг оролдсоны улмаас эцэст нь ийм зүйл болдог гэж үздэг байна.

Холбоотой мэдээ