Никарагуа улсын дэд Ерөнхийлөгчийн эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-28 14:45:16

ВАШИНГТОН. /ТАСС/. Никарагуа улсын Ерөнхийлөгчийн гэргий бөгөөд тус улсын дэд Ерөнхийлөгч Росарио Мурильо болон Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Монкада Лау нарын эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яам өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.


Тус яамны мэдээлснээр, Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортегагийн ойрын хүрээллийн хоёр хүний эсрэг хязгаарлалтын арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан захирамжийн дагуу авчээ. Р.Мурильо, М.Лау нарыг авилгын хэрэгт оролцсон, Никарагуа улсын нөөцийг хувийн зорилгоор ашиглах, хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэгт холбоотой гэж үзэж байгаа аж.


"Дэд Ерөнхийлөгч Мурильо болон түүний улс төрийн холбоотнууд ардчилсан институцуудыг системтэйгээр сулруулж, эрх мэдлийг тогтоон барихын тулд Никарагуа улсын баялгийг гартаа төвлөрүүлэхийг оролдож байна” гэж яамны мэдэгдэлд дурджээ.


Никарагуа улс өнгөрсөн 4 дүгээр сарын дунд үеэс нийгэм, эдийн засгийн хямралд ороод байгаа билээ. Тус улсад ниймгийн даатгалын тогтолцооны шинэчлэлтэй холбоотой томоохон жагсаал цуглаан болсон юм. Олон хүний амийг авч одсон тус жагсаал цуглааны дараа Ерөнхийлөгч Ортега шинэчилсэн тогтолцоог цуцлах тухайгаа зарласан хэдий ч нөхцөл байдлыг намжааж чадаагүй юм.  


НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссараас 8 дугаар сарын сүүлчээр тараасан илтгэлд дурдсанаар, Никарагуа дахь хүчирхийллийн улмаас 300 хүн амь үрэгдэж, 2000 бэртэж гэмтсэн байна. Одоогийн байдлаар тус улсад нөхцөл байдал хэвийн байгаа аж. 

Холбоотой мэдээ