Калифорнийн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 91 хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-28 17:00:56

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 91 хүрсэн ба хохирогчдын олонхи нь өндөр настай хүмүүс байжээ. Үүний зэрэгцээ сураггүй болсон 200 гаруй хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.


Энэ сард тус муж улсад томоохон хэмжээний хоёр түймэр дэгдсэний нэг нь Сан-Франциско хотоос хойд зүгт 300 орчим километр зайд оршдог Парадайс хотод, нөгөө нь Лос-Анжелес хотоос холгүй оршдог Вентура тойргийн өмнөд хэсэгт гарсан юм. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт уг хоёр түймрийг амжилттай унтрааж дуусчээ.


Муж улсын холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, Парадайс хотод 88 иргэн амиа алдсан нь муж улсын түүхэнд байгаагүй хамгийн олон хүн амиа алдсан байгалийн гамшигт үзэгдэл хэмээн тооцогдож байгаа бол үлдсэн хохирогчид Вентура тойрогт бүртгэгдсэн аж.


Калифорнийн хойд нутагт дэгдсэн түймэр 62 мянга орчим га талбайг хамарсны зэрэгцээ түймрийн улмаас 13 мянга гаруй байшин барилга сүйдсэн байна. Үүний улмаас олон хүн түр хоргодох байр болон зочид буудалд амьдрахаас өөр аргагүйд хүрчээ.

Холбоотой мэдээ