Д.Сэжээдорж:Дата, дэд бүтцийг зөв шийдвэл мэдээллийг асар хурдан дамжуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-29 15:46:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын ивээл дор Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ноос зохион байгуулж буй "Дижитал  Монгол" олон улсын нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Новотел зочид буудалд болов.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан, үүрэн холбооны операторуудын төлөөлөл цуглан "Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжье" уриан дор нийгэм, эдийн засгийн бүх салбарт дижитал эдийн засаг түүний тогтвортой хөгжил, бодлого, шинэчлэлийн талаар хэлэлцэв. 



Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс цахим шилжилтийг хийж дижитал орчинд нэвтэрч чадвал олон асуудлыг шийднэ. Тухайлбал, төрийн үйлчилгээний хүнд суртал эрс багасч, авлигалын асуудал байхгүй болно. Өнгөрсөн жил болсон уг хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагаар УИХ-ын цахим бодлогын түр хороо байгуулж, байнгын үйл ажиллагаа явуулж байна. Түр хороо байгуулснаар дижитал, цахим салбарлуу хөрөнгө оруулалт хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хууль зүйн орчныг бүрдүүлэх боломжтой болсон. Энэ удаагийн хурлаар гарсан санал санаачлага мөн л Засгийн газар, УИХ-д хүрч ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хоёр дахь удаагаа болж буй энэхүү хэлэлцүүлгээр мэдээллийн технологийн салбарынхан харилцан туршлага солилцож, салбарынхаа хууль, эрх зүйн орчинд шинэ нэр томьёо, шинэ зохицуулалтыг оролцогч бүх талуудын эрх ашгийг нийцүүлж салбар хоорондын уялдааг сайжруулахаар санал гарган зөвлөмж боловсруулах аж.



Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн товчоо, газрын дарга  Земал Хусейнович, Өнгөрсөн оны үзүүлэлтээс үзэхэд л хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхээс ч илүү цахим дата бий болжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас энэ оны эцэс гэхэд 3.8 тэрбум хүн интернэт хэрэглэнэ гэсэн судалгаа гарсан.Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байгаа нь ажиглагдаж байна. Учир нь Монгол Улс нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ цахим технологи ашиглаж байгаа нь томоохон ахиц дэвшил” гэлээ.

"Дижитал Монгол" хэлэлцүүлэг "Дата дэд бүтэц", "Дижитал үйлчилгээний хүртээмж", "Апп эдийн засаг-Санхүүгийн салбар, туршлага", "Дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил" гэсэн 4 хэсэгт өрнөв. 

“Wechat” гэхэд ямар ч харилцаа холбооны станц, дэд бүтэц байхгүй. Гэвч  дэлхийн хамгийн том харилцаа холбооны оператор. “Netflix” компанид ямар ч кино театр байхгүй хэрнээ дэлхийн хамгийн олон үзэгчтэй кино, видео сантай. Телефон утас үүсээд 75 жилийн дараа л 50 сая хүнд хүрсэн бол интернэт үүсээд 4 жилийн хугацаанд мөн тооны хэрэглэгчтэй болсон. Гэтэл “Angry bird” гар утасны аппликейшн 35 минутын дотор л 50 сая хүнд хүрсэн байдаг. Датаг зөв зохион байгуулж, дэд бүтцийг сайн шийдэж өгвөл мэдээллийг асар хурдан дамжуулах өргөн боломж байгааг ХХЗХ-ны дэд дарга Д.Сэжээдорж "Дата дэд бүтэц" сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлдээ дурдав.

Тэрбээр, "Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.8 сая байна. Тиймээс цахим шилжилт хийж технологийн ахиц дэвшлийг ашиглан бүх салбарын үйлчилгээг хялбаршуулах боломжтой. Үүнд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, төрд байгаа их хэмжээний датаг нээлттэй болгохдоо хувь хүний мэдээлэлд яаж хандах, алийг нь нууцлах, өгөгдлийн сангуудыг яаж холбох талаар хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна" гэв.

Хэлэлцүүлгийн үеэр ХХМТГ-ын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, "Дижитал шилжилт бол зөвхөн технологийн шилжилт биш юм. Үүнийг хууль эрх зүйн өөрчлөлт гэж харж байгаа. “Цахим засаг” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний үндсэн чиглэл нь төрийн байгууллага цахим системд шилжиж дижитал эрин үетэй нийлэх шаардлагатай” гэлээ.

Холбоотой мэдээ