“Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг барьж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-29 21:45:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнийг борлуулах сувгуудыг нээж өгөх бизнес уулзалт, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулах зорилготойгоор “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьж дуусгалаа. Өнөөдөр тус барилгыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс хүлээж авав.


“Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажилагаа нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн дүрмээр ажиллах бөгөөд тус дүрмийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж батлуулсан байна.


Худалдааны төв нь зоорийн давхартайгаа нийт таван давхар бөгөөд 1-3 давхарт худалдаа, үйлчилгээ буюу лангууны хэсэг, үзэсгэлэнгийн танхим байхаар, 4-р давхар нь хоолны заал байхаар тооцоолоод байгаа. Худалдаа, үйлчилгээний давхруудад орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө тусгаж лангууг байрлуулах ажил хийгдэх ба энэ нь иргэдийг бараагаа өрөөд шууд суух боломжийг бүрдүүлж буй ажил юм. Тус төвийг ондоо багтаан үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ