Э.Золзаяа: Худалдан авагч цахимаар захиалсан барааны тээвэрлэлтийг хянах боломжтой

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-12-01 19:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ард санхүүгийн нэгдэл хэмээх их айлын дээвэр дор 15 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл эдгээр компаниуд өнөөдөр нээлттэй өнжиж, хувьцаа эзэмшигчиддээ компанийн санхүү, үйл ажиллагаа болон  хувьцааны данс нээх, зээл, хадгаламж даатгалын нийт хөрөнгийн хэмжээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ.


Туушин зочид буудалд  болсон тус арга хэмжээнд 500 орчим хүн хүрэлцэн ирсэн байв.


 Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Тамир: “Ард санхүүгийн нэгдэл компаниудынхаа талаар мэдээлэл хүргэх зорилгоор анх удаа  нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. “Ард даатгал” компани  хувьцаат компани болсныг та бүхэн мэдэж байгаа. 1300 гаруй шинэ хувьцаа эзэмшигч манай компанид нэгдсэн. Хөрөнгө оруулагч үндэстэн буюу Жинст Увс, Ард санхүүгийн нэгдэл, Ард даатгал компани өнөөдөр 5000 гаруй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг өсгөж байна. Эдгээр хувьцаа эзэмшигчиддээ компанийн талаарх болон тэдний мөнгө хэрхэн өсч байгаа талаар танилцуулж байна. Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшигчид компанийнхаа шийдвэр гаргалтад оролцох ёстой. Энэ утгаараа тэд Ард Даатгалын ээлжит бус хувьцаа эзэмшигчдийнхээ хуралд оролцож  дүрэмдээ өөрчлөлт оруулан ТУЗ-ийн  хараат бус гишүүдийг  сонгоно. Мөн хувьцаа эзэмшигчдийнхээ дундаас үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн  бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор үзэсгэлэн гаргасан” гэв.   


Ард санхүүгийн нэгдэлд  Ард даатгал, Ард кредит ББСБ,Ард лайф, Ард секьюритиз Үнэт цаасны компани зэрэг  15 охин компани нэгддэг. 2017 онд гэхэд тус нэгдлийн  нийт хөрөнгө 39,4 тэрбум төгрөгөөс 49,7 тэрбум төгрөгт хүрч, 64 хувийн өсөлтийг үзүүлсэн. Ард Даатгал нь энэ оны есдүгээр сард хөрөнгийн зах зээлд IPO гаргасан анхны даатгалын компаниар тодорсон.   Нэгж хувьцааных нь ханш 2500 төгрөгөөс жилийн дотор 3000 төгрөгт хүрч өсчээ. Тус компанийн 28 сая ширхэг хувьцааг 3000 иргэн эзэмшиж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр 54.6 тэрбум төгрөгт хүрч, ашгийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Удахгүй Ард санхүүгийн нэгдэлд багтах Ард Кредит компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, тус нэгдлийн хувьцааг Хөрөнгийн биржид бүртгүүлэх үйл явц өрнөхийг нээлттэй өдөрлөгийн үеэр дуулгав.



  Ард санхүүгийн нэгдэл нь Монголын хамгийн анхны цахим худалдааны цогц шийдэл бүхий интернет захыг олон улсын туршлагад нийцүүлэн  хөгжүүлж буй юм. Энэ тухай “Ardshop.mn” вэб сайтын бизнес хөгжил хариуцсан захирал Э.Золзаяагаас тодруулахад: “ARD shop” үйлдвэрлэлээ хөгжүүлээд явж буй үйлдвэрлэгчдийн дэмжих үүднээс үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Одоогийн байдлаар 30 гаруй үйлдвэрлэгч  бидэнтэй нэгдээд байна. Гар урлал, оёмол, нэхмэл бүтээгдэхүүнээс эхлээд маш олон барааг “ARD shop”-оос захиалж авах боломжтой. Манай цахим хуудсанд үйлдвэрлэгч ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр дэлгүүрээ нээх боломжийг бид бүрдүүлсэн. Онлайн дэлгүүрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний зураг танилцуулга байршуулах нь чухал юм. Цахим худалдаа эрхлэгчдээс ялгарч буй бидний давуу тал нь худалдан авагч, борлуулагч, хүргэлтийг холбосон цогц системийг бий болгосноороо онцлогтой. Худалдан авагч захиалсан бараагаа хаана явж буйг кодоор нь хянах боломжтой.  Улмаар орон нутагт тухайн бараа бүтээгдэхүүнийг хүргэхийг зорьж байна.  Тухайлбал Монгол шуудан компанитай хүргэлтийн чиглэлээр стратегийн түвшинд ажиллаж байна. Тиймээс хүргэлтийн зардлыг хамгийн бага түвшинд хүргэхийг зорьж байгаа.



Ард лайф компанийн гүйцэтгэх захирал Ц.Должин: Хувийн тэтгэврийн сангийн талаарх хууль эрхзүйн орчин хараахан бүрдээгүй байгаа. Гэсэн хэдий ч бид энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр байна. Харилцагчдынхаа хүсэл зорилгод нийцүүлэн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалтай хослуулж эхэллээ. Өмнө нь тогтмол өгөөжийг хадгаламж хэлбэрээр явуулдаг байсан бол одоо хөрөнгө оруулалтын өгөөжийг хуваарилах замаар сангийн хэлбэр рүү үйлчилгээгээ дөхүүлсэн. Өнөөдөр бид тухайн харилцагчид золгүй зүйл тохиолдвол яах вэ гэдгийг танилцуулж байна. Амьдрах чадвараа алдсан тохиолдолд  Ард лайф тэтгэврийн сангаас гэр бүлийн гишүүдэд нь нэмэлт мөнгө олгохоор болж байгаа юм. Зөвхөн улсын тэтгэврийн даатгалд мөнгө хийгээд явах биш хувийн тэтгэврийн даатгалын санд хөрөнгөө оруулбал насныхаа эцэст өндөр тэтгэвэр авна гэдгийг хүмүүс нэг үеэ бодвол ойлгодог болсон. Манай компанийн хувьд хувийн тэтгэврийн даатгалыг хөгжүүлэх гээд 10 гаруй жил ажиллаж байна. Энэ бүтээгдэхүүнээ бид залуучуудад илүү чиглүүлж байгаа. Тэд урт хугацаанд  хувийн тэтгэврийн санд сар тутамд 32 мянган төгрөг байршууллаа гэхэд тэтгэвэрт  гарахдаа дор хаяж 500 мянган төгрөг авах боломж бүрдэнэ. Манай Ард лайф тэтгэврийн сан 1300 орчим харилцагчтай болоод байна. Бидний давуу тал нь хөрөнгөө хэрхэн өсгөж байна вэ гэдгээс эхлээд бүх мэдээллээ “шилэн” байлгадагаараа бусдаас ялгардаг.




Холбоотой мэдээ