Я.Содбаатар: Хууль зөрчөөгүй ч төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан талаараа албан ёсоор мэдээлэл хийв.
Тэрбээр, “Миний эхнэрийн үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна. Хэдийгээр зээл авахад нь нөлөөлөөгүй, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ч улс төрч, төрийн албан хаагчийн хувьд хариуцлага хүлээж байгаа юм. Миний гэргий авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, 30 гаруй ажлын байр бий болгож, 20 гаруй хүүхэд асрах асрамжийн газар байгуулснаас гадна зээлээ эгүүлэн төлсөн. Мөн би ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг талаараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан. Энэ байгууллагаар дамжуулж ЖДҮХС-гийн мөнгийг зарцуулсан зүйл байхгүй. ББСБ-ын хөрөнгийн доод хэмжээ 1 тэрбум байх ёстой. Миний хувь эзэмшдэг ББСБ-ын хөрөнгө ч энэ хэмжээндээ байгаа. Энэ мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо гаргаж өгөх байх. Цаашдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, нийгэм, улс төрд шударга ёс тогтоохын төлөө ажиллах болно” гэлээ.