“Эхний хундаганаас татгалзъя” санаачилга гаргав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-12-04 10:03:36

Дорноговь/МОНЦАМЭ/. Архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг зөрчлийг бууруулах, архинаас татгалзах зорилгоор Дорноговь аймагт “Эхний хундаганаас татгалзъя” санаачилга өрнөж эхэллээ.

Дорноговь аймгийн ИТХ-ын 2018 оны 14 дүгээр тогтоолоор “Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр” баталсан бөгөөд  Замын-Үүд суманд хөтөлбөрийн хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулж, үр дүн гаргуулахад онцгой анхаарч, үүний хүрээнд дээрх санаачилгыг гаргаж байгууллагуудад уриалга тарааж буй.

Хөтөлбөрт архидан согтуурснаас үүдэн гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, архинаас хамааралтай хүн амын эрүүл мэнд, нийгэмд үүсч буй сөрөг үр дагаврыг арилгах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгасан аж.

“Эхний хундаганаас татгалзъя” санаачилгаар  тэмдэглэлт баяр ёслол шинэ жил, цагаан сар болон бусад баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, олон нийтийн газар архигүй зөв дадал хэвшлийг буй болгох, бусдад үлгэр дуурайл үзүүлэхээр зорьсон байна. Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн мэдээгээр оны эхний 10 сарын байдлаар 431хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 108 хүн гэмтэж, 17 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ