АНУ-ын байлдааны хөлөг онгоц Оросын эрэгт дөхөж очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-06 11:23:26
НЬЮ-ЙОРК. /Lenta/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч “USS McCampbell” хөлөг онгоц “далай тэнгистэй холбоотой Оросын хэтэрхий олон шаардлагыг” эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Япон тэнгисийн Их Петрийн булангийн хажуугаар явсан байна. Энэ тухай АНУ-ын Номхон далайн флотын хэвлэлийн нарийн бичгийн дарга, дэслэгч Рейчел Макмарр мэдээлжээ.

Номхон далайн флотын төлөөлөгчийн хэлснээр, уг хөлөг онгоц “Чөлөөт навигаци” ажиллагааны хүрээнд маневр хийсэн байна. Энэ ажиллагаа нь далай, тэнгисийг ашиглах АНУ болон бусад улс орны хууль ёсны эрхийг хамгаалахыг хүсч байгааг харуулах зорилготой аж.

Усан нутаг дэвсгэрт гаргаж буй Оросын нэхэмжлэл хүсэлтийг АНУ хүлээн зөвшөөрөхгүй. Оросын эргээс хамаагүй хол 12 милийн зайтай, олон улсын эрхзүйгээр баталгаажсан газар нутгийг Москва эзэмшихийг хүсч байна гэж дэслэгч хэлжээ.

“Чөлөөт навигаци” ажиллагаа нь тухайн улстай ямар ч холбоогүй гэж флотын хэвлэлийн нарийн бичгийн дарга онцлон дурдсан байна. Түүний хэлснээр, “энэ ажиллагаа нь АНУ олон улсын эрхзүйгээр зөвшөөрөгдсөн газар бүхэнд Япон тэнгист ч, дэлхийн бусад газарт ч үйл ажиллагаа явуулна гэдгийг харуулах зорилготой”.

Их Петрийн булан нь Япон тэнгисийн хамгийн том булан юм. Уг булангийн эрэгт Владивосток, Находка болон бусад хот оршдогоос гадна, Оросын Номхон далайн флот байрладаг.

“USS McCampbell” эскадрын мина зөөгч хөлөг онгоц нь АНУ одоог хүртэл үйлдвэрлэж байгаа “Арли Берк” ангиллын хөлөг онгоцонд хамаардаг байна. Уг хөлөг онгоцыг “Томагавк” далавчит пуужин, зенитийн их буу болон бусад төрлийн зэвсгээр тоногложээ.


Холбоотой мэдээ