Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-23 10:36:18

ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хэт хурдан хоёр пуужинг амжилттай туршсанаа өнөө өглөө мэдэгджээ. Мөн тэдгээрийг шинэ “чухал” зэвсгийн систем хэмээн тодорхойлоод, “шинэ үеийн” пуужингууд нь Умардын тогтоон барих хүчийг бэхжүүлж байгааг онцолсон байна. 


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Пёньян хотын Рёокпхо дүүргээс зүүн хойд зүгт хөөргөсөн дуунаас хурдан хоёр пуужин Умард Хамгёнг мужийн Оранг тойргийн Квесан оргилын тэгш газарт байсан байг оножээ.


Лхагва гарагт Пуужингийн удирдлагын газраас хийсэн туршилт нь дайсны эсрэг стратегийн хамгаалалтын тогтвортой байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийн нэг хэсэг байсныг KCNA дурдсан байна.


Умардын тал лхагва гаргийн өглөөний 8:10 цагийн орчимд зүүн хойд зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан бөгөөд тэдгээр нь 350 орчим км зайг туулсан гэж Өмнөд Солонгосын арми өчигдөр мэдэгдсэн юм. Эдгээр нь өнгөрсөн оны есдүгээр сард Умардынхны туршсан “Hwasongpho-11-Da-4.5” гэдэг тактикийн баллистик пуужин байж магадгүй бөгөөд пуужингууд Япон тэнгист бус харин эх газрын гүнд унасан байна.


Лхагва гарагт болсон туршилтад Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун оролцоогүй байна. Харин Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чон болон бусад албаны хүмүүс хөөргөх ажиллагааг удирдан явуулжээ.


“Шинэ орчин үеийн зэвсгийн систем нь Умард Солонгосын өөрийгөө хамгаалах техникийн чадавхыг тасралтгүй сайжруулж байгаагийн тод нотолгоо юм” гэж Пак Жон Чон хэлээд, өөрийгөө хамгаалах хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлэхийг зорьж байгааг мэдэгдсэн байна. 


Лхагва гаргийн туршилт нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших анхны туршилт байсан бөгөөд сүүлийн таван сар орчмын хугацаан дахь баллистик пуужин харвасан анхны тохиолдол байлаа.


Өмнөд Солонгост 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалт болохоос нэг долоо хоногийн өмнө энэхүү туршилт боллоо. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Өмнөд Солонгост айлчилж, Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

 


Холбоотой мэдээ