З. Энхболд: Ипотекийн зээл бол олон салбарыг чирч явах галт тэрэгний толгой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Otgontuya@montsame.mn
2016-03-08 13:42:09

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд өчигдөр орой Мандалговь хотын иргэдтэй уулзалт хийлээ. Орой 18 цагаас эхэлсэн уулзалт 4 цаг гаруй үргэлжилж, иргэд  УИХ- ын даргаас 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонссон юм.

УИХ- ын намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан байна.  Үүний 29 нь бие даасан хууль бөгөөд 350 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийг баталсан гэдгийг УИХ- ын дарга ярианыхаа эхэнд дурьдаад эдгээрээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр батлагдсан хуулиудыг танилцуулав.

Тухайлбал, үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хангахад дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах хэд хэдэн чухал шаардлагын үүднээс  баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн халамжийг баталгаажуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол Улс хүүхэд хамгааллын асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх эрх зүйн орчин болсон Хүүхдийн эрх, Хүүхэд хамгаалалын тухай хууль болон тэтгэвэрийн насны иргэдийн нийгмийн хамгаалалын баталгааг хангасан Хамтын тэтгэвэрийн тухай хуулийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ он сонгуулийн жил. Тиймээс Сонгуулийн тухай хууль иргэдийн чих тавин сонсох мэдээлэл болж байсан.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, НИТХ, аймаг, сум,  дүүргийн  ИТХ-ын  сонгуулийн гээд  4  хуулийг нэгтгэж Сонгуулийн тухай хууль батлаад байгаа. Энэ нь 2  хэсэг, 19 бүлэг, 41 дэд бүлэг, 166 зүйлтэй томоохон хууль. Уг хуулийн 1 дүгээр хэсэгт бүх  шатны  сонгуульд хамааралтай  нийтлэг  хэм  хэмжээний талаар тусгасан бол тусгай  анги болох 2 дугаар хэсэгт Ерөнхийлөгчийн  сонгууль,  УИХ-ын сонгууль,  Орон  нутгийн  Хурлын  сонгууль тус бүрийн тусгайлсан хэм хэмжээг нарийвчлан зохицуулжээ. Сонгуулийн тухай хуульд орсон гол өөрчлөлтүүдийг УИХ- ын дарга танилцуулахдаа, тухайлбал, сонгуулийн санхүүжилтийг бууруулж, хамгийн  бага  зардлаар сонгуульд  нэр  дэвшин  өрсөлдөх боломжтой болсон, сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх хугацаа, маргааны төрөл, харьяалал,  шийдвэрлэх байгууллага, цаг хугацааг тодорхой болгож өгсөн, сонгогчид санал өгөхдөө заавал цахим үнэмлэх гэлгүйгээр хурууны хээгээ уншуулах боломжтой болсон, мөн төрийн  албан  хаагчид  сонгуульд  нэр  дэвшин өрсөлдөх боломжийг хөнгөвчилсөн зэрэг зохицуулалт тусгасныг тайлбарлав. Түүнчлэн сонгуулийн санал тооллогын дараа хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх  юм байна. Орон нутгийн сонгуулийн насны хязгаар 25 нас, намын жагсаалт гэж байхгүй, олон мандаттай мажоритар  системээр явагдана гэв. 

УИХ-ын даргын танилцуулсан бас нэг хууль бол хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон хүний хөгжил санг олон улсын туршлагад нийцүүлэн хуримтлалын сан болгон өөрчилж уул уурхайн орлогыг зүй зохистой ашиглах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хуримтлалын сан бий болгох харилцааг зохицуулсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн Монгол Улсын эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийлээ. Улс орны эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай байсан бөгөөд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн уналт манай орны экспортын орлогод сөргөөр нөлөөлсөн. Оюу толгойн уурхайн хоёр жилийн хөрөнгө оруулалт нь эдийн засаг өсөлттэй яваа мэт андуу ойлголтыг бидэнд төрүүлсэн Гадаад үнийн өсөлт, гэнэтийн нэг удаагийн хөрөнгө оруулалтыг бид өөрсдийгөө их ажил хийсэн юм шиг ойлгож ташуурсан гэдгийг хэллээ. Харин уул уурхайн бус хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байсны онцлоод  дээрх хүчин зүйлээс шалтгаалан манайд орж ирэх ам.долларын урсгал 2013 оноос хойш эрс багасч,  ашигт малтмал, газрын тос ихтэй улс орнуудын хувьд ч гэсэн манайхтай адил гадаад валютын орлого нь буурч, мөнгөн тэмдэгтүүдийнх нь ханш огцом унасан жишээ олон байгааг тэрээр дурьдав. Өмнөх Засгийн газар томоохон төсөл хэрэгжүүлэгч гаднын компаниудаас 600 сая гаруй ам.долларыг хүүтэй зээлж аваад бэлнээр тараасан. Ямар ч үр ашиггүй тараасан тэр өрийн 400 саяыг нь Засгийн газар барагдуулаад байна  хэмээгээд бондын талаар тайлбар хийж, 2012 онд олон улсын зах зээл дээр 1.5 тэрбум ам. доллар, 30 тэрбум иений Чингис, Самурай бондын зарцуулалт, үр ашиг хэрхэн өгсөн талаар иргэдэд танилцууллаа.

Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн автозам, барилга орон сууцны бүтээн байгуулалт өссөн. 2013 оноос олгож эхэлсэн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн үр дүнд өнөөдөр 76 мянган өрх шинээр орон сууцанд орсон байна. Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр олон мянган иргэн ажлын байртай болж, барилгын материалын үйлдвэрлэл хөгжиж байгааг УИХ-ын дарга онцлоод жишээлбэл,  2012 он хүртэл Дундговь аймагт 141 айлын орон сууц баригдсан бол 2012- 2015 онд 399 болж өссөнийг дурьдав.

Бага хүүтэй ипотекийн зээлийг төрөөс дэмжих нь ихээхэн чухал бөгөөд инфляцийн түвшин буурсантай уялдуулан орон сууцны ипотекийн зээлийг 5 хувь болгон бууруулах нь өрх гэрийн орлогод хэрхэн сайнаар нөлөөлөхийг энгийн тооцоолол хийж тайлбарлаад ипотекийн зээл бол барилгын салбар, түүнийг дагалдах олон үйлдвэрлэл, үйлчилгээг чирч явах нэг ёсондоо галт тэрэгний толгойтой адил хэмээн чухалчлав.

Манай улсын  эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйн салбарыг нуруундаа үүрч яваа малчиддаа  дэмжлэг үзүүлэхээр малчны зээлийн сарын хүүг 2.5- аас 1.5 хувь хүртэл,  жилийн 29 хувийн хүүг 18 хувь болтол бууруулсныг  мөн дурьдаад хөдөө аж ахуйн салбарт хийсэн томоохон ахиц бол мах экспортлох гарцаа нээснийг дуулгасан юм. Монгол Улсад мах экспортлох боломж бий боловч гагцхүү эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадаагүйн улмаас мах, малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх  боломжгүй байгаа. Цаашид малаа эрүүлжүүлэхэд бүх талаар төрийн бодлого чиглэнэ гэв.

Зээл авахгүйгээр богино хугацаанд автозамаа 5600  км- д хүргэж чадахгүй байсан

УИХ-ын даргын уулзалт иргэдийн асуулт, хариултаар үргэлжиллээ. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэхдээ валютын ханшийг 1350 төгрөгт барина гэж ярьж байсан ч одоо хэт өсчихлөө, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх эсэх, Монгол Улсын иргэн бүр 6 сая төгрөгийн өртэй гэгдэж байгаа нь үнэний ортой эсэх, малчны зээлийн хүү шиг тэтгэврийн зээлийн хүү бууруулах эсэх, хөдөөгийн сумын төвийн шинэчлэл хэрхэн үргэлжлэх, Ноён уулын олборлолтын талаар иргэд УИХ- ын даргаас асууж, хариулт авсан юм.

Түүний хариултыг тоймлобол, Шинэчлэлийн засгийн газар 100 суманд “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 50 гаруй суманд төсөл хэрэгжээд байна. Дундговь аймагт Өлзийт суманд энэ төсөл хэрэгжиж байгаа. Гурвансайхан сумын хувьд сумын төвийн шинэчлэлийг хэрхэн хийснийг онцолмоор байна. Энэ сум хямд өртгөөр иргэдийнхээ оролцоотойгоор сумын төвөө хэрхэн шинэчилж болохыг үлгэр жишээчээр харуулсан. Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сум 12 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ сумын төв байгуулж сумын төвийг шинэчилсэн бол үүнээс хэд дахин хямд өртгөөр Гурвансайхан сум хуучин сумын төвөө шинэчилж, ингэхдээ иргэдийнхээ оролцоог дайчилж чадсан. Энэ туршлагаар цаашид бүх сумынхаа төвийг шинэчлэх хэрэгтэй байгаа.

Өр зээлийн хувьд төлж чадахааргүй хэмжээнд хүрчихсэн юм биш. Монгол орны ирээдүй гэрэл гэгээтэй, сайхан байна. Монгол Улсын иргэн бүр 6 сая төгрөгийн өртэй гэсэн тооцоог МАН гаргасан. Өр зээлээ Монгол Улс төлж чадна. Зээл авахгүйгээр энэ богино хугацаанд автозамаа 5600 гаруй км- д хүргэж чадахгүй. Үндэсний томоохон үйлдвэрүүдээ дэмжиж чадахгүй.  

Малчны зээлийнх шиг тэтгэврийн зээлийн хүү буурна. Энэ бол зах зээлийн жамаар буурна. Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх тухайд, 1995 оноос өмнөх тэтгэвэр болон 180 гаруй мянган төрийн алба хаагчийн цалинг төр нэмэгдүүлэх үүрэгтэй. Нэмэгдүүлж болно. Гэхдээ хувийн хэвшлийг чирдэг талтай.

Хөдөө аж ахуйн салбарын хувьд яах аргагүй манай эдийн засгийн тулгуур. Тиймээс уул уурхайд итгээд явалгүй хөдөө аж ахуйн салбараа уул уурхайн жишигт хүргэх нь чухал. Байгалийн баялгийг ухаад түүхийгээр гаргаад л байвал нэгэн цагт шавхагдана. Энэ бол нөхөн сэргээгддэгүй баялаг. Харин ноолуур, мах, арьс түүхий эд бол нөхөн сэргээгддэг баялаг. Нөхөн сэргээгддэг байгалийн баялгаараа хөгжих учиртай. Үүнд учирч байгаа саад бол малын эрүүл мэнд болж байгаа тул малынхаа эрүүл мэндэд малчин бүр анхаараад төр засаг үүнд дэмжээд явбал Оюу толгойн ашигтай тэнцэж чадна.

Ноён уулын шийдвэрийн тухайд, тун хүнд нөхцөлд УИХ шийдвэр гаргасан. Булш бунхантай хэсгийг улсын хамгаалалтад аваад, Канадын компанийн үйл ажиллагааг зөвшөөрсөн. Ноён уулан дахь үйл ажиллагааг зогсоогоод бүтэн жил гаруй хугацаа өнгөрөхөд хууль бус алт олборлолт газар авч, хүний амь эрсдэх зэргээр сөрөг үр дагавар их гарсан. Канадын хөрөнгө оруулалттай компани олборлолт явуулж байгаа газраас эртний булш бунхан гарвал музейд хүлээлгэн өгнө. Алтаа олборлоод Монгол банкинд тушааж ажиллана. Хууль ёсоор ажиллана гэдэг бол энэ юм.

Валютын ханшны асуудалд улс оролцохгүй. Зах зээлийн жамаар явах учиртай. Валютын ханш бага байх тусам нөөц нь шавхагдана. Валютын ханш өссөн нь дотоодын үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлсэн гэв.

Зарим иргэн УИХ-ын даргад санал хэлсэн  юм. Тухайлбал, мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад малаа эрүүл байлгах нь яах аргагүй том бодлого байх учиртай. Малын эрүүл мэндийн асуудлыг олон жил ярьж байгаа ч өнөөдөр дорвитой хийсэн ажилгүй явна. Үндэсний мал эмнэлгийн албыг дангаар байгуулж байж малын эрүүл мэндэд чиглэсэн ажил хийж чадна. Одоо бол мал эмнэлгийн бүтэц их саармаг байна. Тиймээс Мал эмнэлэг, үржлийн албанаас мал эмнэлгийг салгах хэрэгтэй гэсэн саналыг энэ салбарт олон жил ажилласан ахмад хэлж байв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга уул уурхайн импортыг дэмжсэн зах зээл бус экспортыг хөгжүүлсэн зах зээлийг бий болгож, дотоодын баялагтаа тулгуурласан үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Т. Отгонтуяа

 

 

 

Холбоотой мэдээ