Хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрийгөө гололгүй бизнесээ босгож яваа хөдөлмөрч залуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-12 15:50:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Гомбодоржийн Даваа-Осор гэгч энэ хүн хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь буюу хөгжлийн бэрхшээлтэй боловч аймгийнхаа ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2,5 сая төгрөгийн зээл авч хувийн бизнес эхлүүлжээ.


Хоёр хөлөөрөө алхаж чадахгүй болохоор таяг тулахын тулд хоёр гар нь байнгын түшиг нь болдог. Тэрбээр залуу байхаасаа гарын ур дүй сайтай байсан нь нүдэнд илхэн харагдана. Өөрсдийн хашааны хаалгаа төмрөөр хээ урлан гоёсон нь нүдэнд туссан юм. Эхнэртэйгээ хамт хашаагаа бага багаар тохижуулж, блокон суурьтай болгосон байна. Мөн гараж барих, 00 шинэчлэх гэх мэт ажлуудыг энэ зуны хугацаанд хийж амжуулжээ. Түүний эхнэр нь мөн л хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэдий ч оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн төлөө хэн хэн нь зүгээр суух эрх одоохондоо байхгүй гэдгээ ярьж байлаа.


Хувиараа хөдөлмөр эрхлэх гараагаа аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлээрээ блокны машин авч эхлүүлсэн аж. Хийж буй ажилдаа эзэн болж чанарыг эрхэм болгож чадсанаар захиалга тасардаггүй болжээ. Блок хийх материал зөөвөрлөх хүнд хүчир ажлыг түүний эхнэр нугалдаг байна. Цаашид тогтвортой орлого олох боломжийг олгож өгсөнд тэд  аймгийн ХХҮГ-ын хамт олонд талархсанаа илэрхийлж байлаа.



Холбоотой мэдээ