Ю.Батзориг: Инфляцийн өсөлтийн 47.9 хувь нь валютын ханшаас шууд хамааралтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-12 13:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлснээр төгрөгийн валюттай харьцах ханш Монголбанкны нэрлэсэн дундаж дүнгээр нэг ам.доллар 2581.88 төгрөгтэй тэнцэж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар суларчээ.

Тэгвэл бусад валют болох юанийн ханш 372.00 төгрөгтэй тэнцэж, өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар суларсан бол  ОХУ-ын рубль 38.93 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар чангарчээ. Валютын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж буй талаар ҮСХ-ны статистикч Ю.Батзоригоос тодруулбал, “Валютын ханштай хамгийн түрүүн холбогдож гардаг үзүүлэлт нь бараа бүтээгдэхүүний хэрэглээний үнийн индекс буюу инфляци байдаг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд хэрэглэгчийн сагсыг 344 нэр төрлийн бараа, үйлчилгээнээс бүрдүүлж үздэг.

Үүнээс үзэхэд бараа бүтээгдэхүүний дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь валютаар авдаг импортын бараа, бүтээгдэхүүн байна.

Инфляци энэ оны 11 дүгээр сард өмнөх сарынхаас 1.8 хувь өссөн дүнтэй байгаа. Үүнээс харахад энэ өсөлтийн 47.9 хувь нь импортоос шалтгаалсан байна. Тодруулж хэлбэл 1.8 хувийн инфляцийн өсөлтийн 0.9 нэгж нь буюу 47.9 хувь нь импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс нөлөөлсөн буюу валютын ханштай шууд хамааралтай байна” гэв.

Б.Болд

Холбоотой мэдээ