“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн тогтоол баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 13:12:06

МОСКВА. /РИА Новости/. “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг барихыг эсэргүүцсэн тогтоолыг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим баталжээ. Энэ тухай төлөөлөгчдийн танхим “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Тогтоолд Европын эрчим  хүчний аюулгүй байдлыг дэмжиж, Оросын нийлүүлэлтээс хараат байдлыг бууруулахыг уриалжээ. Түүнчлэн баримт бичиг “Умардын урсгал–2” хий дамжуулах хоолойг барихыг эсэргүүцсэн хориг арга хэмжээ авахыг дэмжсэн байна.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умардын Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай.


Тус хоолойг барихыг эсэргүүцэж буй орны тоонд Украин хийгээд Европын хэд хэдэн улс багтаж байгаа юм. Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснөөр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын урсгал-2” ашиглалтанд орсноор Оросын хийнээс ашиг орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж байгаа юм. 

Холбоотой мэдээ