Газрын тосны үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-23 16:10:25

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гаргийн орой ОХУ-ын газрын тосны хоёр том компанид нэмэлт хориг арга хэмжээ авсны дараа газрын тосны үнэ 3 хувиар өсжээ. Украины дайныг зогсоох асуудалд Оросын тал нухацтай хандахгүй байна гэж үзсэний үндсэн дээр хориг тавихаар шийдвэрлэсэн байна.


Энэхүү мэдээг гарсны дараа “Brent” маркийн нэг торх газрын тосны үнэ 1.83 ам.доллар буюу 2.92 хувиар өсөж, 64.42 ам.долларт хүрчээ. Мөн WTI маркийн нефтийн үнэ 1.74 ам.доллар буюу 2.97 хувиар өссөнөөр нэг торх нь 60.24 ам.доллар болжээ. Лхагва гаргийн арилжааны явцад “Brent” нефтийн үнэ 62.59 ам.доллар, WTI нефтийн үнэ 58.50 ам.долларт тус тус хүрээд байв.


АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Роснефть” болон “Лукойл”-д хориг тавьсныг зарлахдаа “хүмүүс амиа алдах явдлыг нэн даруй зогсоох цаг нь болсон” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Сангийн яам шаардлагатай тохиолдолд дайныг зогсоох Д.Трампын хүчин чармайлтыг дэмжихийн тулд нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байгааг хэлжээ. “Бидний зүгээс холбоотнуудаа хандан бидэнтэй нэгдэж, эдгээр хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг уриалж байна” гэж С.Бессент мэдэгдсэн байна.


Сангийн яамны мэдэгдсэнээр, шинэ хориг арга хэмжээ нь Украины эсрэг дайныг санхүүжүүлэхийн тулд Кремлийн орлого олох чадварыг бууруулах ажээ. Цагаан ордны өндөр албан тушаалтан “NBC News” телевизэд хэлэхдээ, шинэ хориг арга хэмжээ нь Д.Трамп, ОХУ-ын удирдагч Владимир Путин нарын Будапештад хийх уулзалтын төлөвлөгөө бүтэлгүйтсэнтэй холбоотой гэжээ.


Д.Трамп мөн Оросоос газрын тос худалдан авахыг нь зогсоохын тулд Энэтхэгт шахалт үзүүлэхийг оролдож байна. Шинэ Дели бол Оросын түүхий газрын тосны экспортын хамгийн том худалдан авагчдын нэг юм. Энэ онд WTI маркийн нефтийн үнэ 16 хувиар, “Brent”-ийн үнэ 14 хувиар унажээ. Саудын Араб, Орос тэргүүтэй ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо хэдэн сарын турш нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн Д.Трампын татвар ногдуулах шийдвэрээс үүдэлтэй худалдааны маргаан нь эдийн засгийн өсөлт удаашрах, түүхий нефтийн эрэлт буурах зэргээр газрын тосны зах зээлд нөлөөлж болзошгүйг шинжээчид хэлж байна.

 


Холбоотой мэдээ