Испани хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-12-13 11:53:58

МАДРИД. /BBC/. Ирэх 2019 онд Испани улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 хувиар нэмэгдүүлэхээр болсон нь сүүлийн 40 жилд байгаагүй өндөр өсөлт болох ажээ. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн цалин багатай олон сая ажилтны цалин 736 еврогоос /835 ам.доллар/ 900 евро болох юм.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр болсон тухай тус улсын Ерөнхий сайд Педро Санчез лхагва гарагт олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэрбээр “Баян улс ядуу ажилтантай байх ёсгүй” гэж хэлжээ.


Энэхүү мэдэгдлийг хийхээс хоёр хоногийн өмнө Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирэх оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 еврогоор нэмэгдүүлэхээр болсон тухай мэдээлсэн билээ.


Францад амьжиргааны өртөг өндөр байгааг эсэргүүцсэн “Шар хантаазтнууд” олон долоо хоногийн турш жагсаал цуглаан өрнүүлсний дараа Э.Макрон дээрх мэдэгдлийг хийсэн юм.


Харин Испанийн эрх баригчдын гаргасан энэхүү шийдвэр нь жил бүрийн хяналт шалгалтын хүрээнд цалинг нэмэгдүүлж байгаа хэрэг бөгөөд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага зэрэг өндөр байгаа ажээ. 

Холбоотой мэдээ