М.Энхболд: Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гартал чуулган удирдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, УИХ-ын нэр бүрий 38 гишүүн албан бичиг хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын дарга мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн шаардлагыг хэлэлцэж, тодорхой дүгнэлт гаргуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Уг байнгын хороог хуралдаж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл миний бие УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй. Энэ хугацаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулган удирдах болно. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрохыг шаардаж байсан. Энэ удаагийн шаардлагад гарын үсэг зурсан 38 гишүүнээс 34 нь манай намаас сонгогдсон байна. Би УИХ-ын даргаар хуулийн дагуу сонгогдсон. Тиймээс хуулийн дагуу огцрох болно. Миний хувьд Монгол Улсын хууль, дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл хийж байгаагүй” гэлээ.
Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдааныг Л.Энх-Амгалан гишүүн даргалахаар
боллоо. Чуулганы ирц бүрдээгүй байна.