Мини парламентийн клубын гишүүд цэцэрлэгийн хүүхдүүдэд ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 22:41:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. МУИС-ийн Нийтийн удирдлагын сургуулийн эрдэмтэн багш нарын санаачлага, тус сургуулийн оюутнуудын Мини парламент клубын гишүүдийн оролцоотойгоор Баянхонгор аймгийн 15 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд зориулан цуглуулсан ном эзэддээ очлоо.

МУИС-ийн Мини парлаиентийн оюутнууд хоёр сарын хугацаанд  ном хандивлах аяныг ѳрнүүлж, нийт 150 гаруй хүүхдийн номыг цуглуулжээ. Эдгээр номыг МУИС-ын Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхмийн багш нар, Мини парламент клубын оюутнууд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын төлөөлөлд гардуулав.

Мѳн энэ үеэр МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхмийн багш, ph.dh Н.Бурмаа ѳѳрийн бичсэн Тѳрийн албан хаагчийн ширээний номын дээжийг, тус тэнхмийн багш н.Ариунбилэг хувиасаа даралтат хѳгжмийг тус тус ѳгч Баянхонгор аймгийн тѳрийн албан хаагч, хүүхэд багачуудад сайн сайхныг хүслээ.

Оюутан залуусын сэтгэл шингэсэн эдгээр ном очиж буй 15 дугаар цэцэрлэгийн барилга хуучин ЗДТГ-ын ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байгаад ашиглалтгүй болоод байсан юм. Тиймээс 2017 онд засварлаж 85 хүүхдийн цэцэрлэг болгожээ. Тус цэцэрлэгт төрийн албан хаагчдын болон амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд хүмүүжиж байна.

Цэцэрлэг ашиглалтад ороход шаардлагатай хэрэглэгдэхүүн, хүүхэд хѳгжүүлэх тоглоом наадгайг аймгийн ЗДТГ зэрэг байгууллага, хамт олны хандиваар бүрдүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад МУИС-ийн багш, оюутнууд ийнхүү ѳѳрсдийн хувь нэмрийг орууллаа.

Холбоотой мэдээ