Сав, баглаа боодлын үйлдвэрлэгч, хэрэглэгчид нэг дор зөвлөлдлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-18 20:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сав, баглаа боодол үйлдвэрлэгчид кластерын зарчмаар ажиллаж зардлыг бууруулах, дотоодын сав, баглаа боодлын бүтээгдэхүүний загвар, дизайн, чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх нь зүйтэй байгааг өнөөдөр болсон Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалтаар хөндөж байв.

ХХААХҮЯ, МҮХАҮТ, Монголын Сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан уулзалтад дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн 100 орчим төлөөлөл оролцов. Зөвлөлдөх уулзалтыг нээж ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нар үг хэлэв. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле уулзалтыг нээж хэлэхдээ, “Засгийн газраас 2016 онд батлан хэрэгжүүлж буй “Сав, баглаа боодол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой ажил, арга хэмжээ авч байна. 60 жилийн түүхтэй, бие даасан салбар болтлоо хөгжсөн сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, хөгжүүлэхийн тулд төрийн болон ТББ, мэргэжлийн холбоодын ажлын уялдаа, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн санаачилга, бодитой оролцоо чухал ач холбогдолтой"-г  онцлон тэмдэглэлээ. 


Зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсын сав, баглаа боодлын салбарт төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б.Батбаатар, “Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар, “Сав, баглаа боодлын салбарыг хөгжүүлсэн олон улсын туршлагаас” сэдвээр МҮХАҮТ-ын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Хулан нар илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн энэ үеэр хүнс, хөнгөн, уул уурхай, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоол гэсэн таван төрлөөр "Мөнгөн богц" сав баглаа боодлын салбарын шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Хүнсний үйлдвэрийн "Мөнгөн богц" шагналыг Талх чихэр ХК, хөнгөн үйлдвэрийн "Мөнгөн богц" Натурал эссеншнл буюу Ламур брэнд, уул уурхай, хүнд үйлдвэрийн “Мөнгөн богц” Оюутолгой ХХК, худалдааны салбарын “Мөнгөн богц” Скай хайпермаркет ХХК-ийн  И-март сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны салбарын “Мөнгөн богц” шагналыг Микс Пицца тус тус хүртлээ. Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэлийн салбарт цэвэр өрсөлдөөн бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Сав, баглаа боодлын салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүнд ХХААХҮЯ-ны шагнал гардууллаа. Хүнсний сав, баглаа боодлын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж буй хувь нэмрийг нь үнэлэн, “Аргил сувд” ХХК-ийн захирал Н.Алтанхуягийг Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан”-аар, нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж, “Заша өвс” нийгэмд үйлчилдэг ТББ-ын тэргүүн Р.Нямдоржийг ХАА, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтнаар, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Анарыг ХХААХҮЯ-ны Хүндэт жуух бичгээр тус тус шагнасан юм. 

Зөвлөлдөх уулзалтаас дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон хүнс, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны салбар, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, холбогдох төрийн болон ТББ, мэргэжлийн холбоодод хандаж дараах уриалгыг гаргасан юм.

 


Тодруулга: Манай улсад жилдээ 520 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын хэрэгцээ шаардлагатай гэсэн судалгаа тооцоо байдаг. Одоогийн байдлаар Монгол Улс сав, баглаа боодлын хэрэгцээний 75 хувийг импортоор, 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна.


Б.Болд

 

 

 

Холбоотой мэдээ