Монгол-Японы тал Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент дээр хамтран ажиллахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-20 17:24:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Кемпинский” зочид буудалд болсон Монгол-Японы Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлийн 12-р уулзалтаар хоёр орны хооронд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, шар шороон болон элсэн шуурга, агаарын бохирдлын хяналт зэрэг байгаль орчныг хамгаалж, сайжруулах талаар хэлэлцлээ.

Тодруулбал, саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар 12 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.



Хэдхэн хоногийн өмнө Токио хотноо төлөвлөж байсан уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болж, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсын Байгаль орчны дэд сайд Яасуо Такахаши болон бусад албаны хүмүүс оролцлоо. 



Энэ үер айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны дэд сайд Минору Киучитай хоёр талт уулзалт хийж, хоёр талт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулах хоёр улсын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцсон. Харин өнөөдөр тус уулзалт Улаанбаатар хотноо болж, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсын Байгаль орчны дэд сайд Яасуо Такахаши болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Энэ удаагийн уулзалтаар хоёр орны яам хоорондын байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга, агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ. Хоёр орны Байгаль орчны салбарын бодлогыг хэлэлцдэг энэхүү зөвлөлдөх уулзалтыг хоёр тал 2007 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ