Франц эр бортогоор Атлантын далайг хөндлөн гулд туулж байна

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-12-28 10:24:42
twitter.com/Nyamkanmk
ПАРИС. /ВВС/. Франц эр өөрийгөө сорихын тулд торх хэлбэртэй бортогоор /капсул/ далайн түрлэгийг ашиглан Атлантын далайг хөндлөн гулд туулахаар хөдөлжээ.

Өдгөө 71 настай Жан Жак Савин Испанийн Канарийн арлууд дахь Иерро арлаас хөдөлсөн бөгөөд тэрбээр наад зах нь гурван сарын дараа Карибын тэнгист хүрнэ. Мөн тэрбээр аяллынхаа замд тэмдэглэгээ үлдээж байгаа нь Атлантын далайн түрлэгийг судлахад далайн зурагчдад туслах зорилготой юм.

Түүний аяллын тухай шинэ мэдээлэл фэйсбүүк хуудсанд нийтлэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр аяллын бортого хэвийн байгаа аж.

“Цаг агаарын байдал гайхалтай байна. Цаг агаарын урьдчилсан таамгаар ирэх ням гараг хүртэл салхины хүч миний аялалд хүндрэл учруулахгүйгээр таатай байх төлөвтэй байна” гэж тэрбээр “AFP” агентлагийн сурвалжлагчтай утсаар ярихдаа хэлжээ.

Десантын цэрэг байсан тэрбээр мөн нисгэгчээр ажиллаж байжээ.

Давирхайгаар бүрхсэн банзан бортого нь зөвхөн далайн түрлэгт туугдсаар 4500 орчим км замыг туулж Карибын тэнгист хүрнэ гэж тэрбээр тооцоолсон байна.

3м урт, 2.10м өргөнтэй торхны доторх талбай 6 метр хавтгай дөрвөлжин юм. Тэрбээр бортогоо агуулах, гал тогоо, амрах ор зэргээр тоногложээ. Мөн алуурчин халимын дайралтаас хамгаалж, далайн давлагааг тэсвэрлэх хамгаалалтай аж.

Нэмж хэлэхэд тэрбээр уг аяллыг эхлүүлэхийн тулд 68.000 ам.долларын төсөв бүрдүүлсний дийлэнхийг олон нийтээс тусламж авах замаар босгожээ.

Тэрбээр шинэ жилийн үдэшт зориулж нэг шил “Сотерн” цагаан вино болон “Foie gras” /Оросоор “Фуа-гра” буюу галуу, нугасны элгээр хийсэн тансаг зэрэглэлийн хоол/-ыг авч яваа аж. Үүний зэрэгцээ ирэх нэгдүгээр сарын 14-нд болох 72 насны төрсөн өдрөө тэмдэглэх зорилгоор улаан дарс авсан байна.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ