“KPop Demon Hunters” кино “Netflix”-ийн дээд амжилтыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-27 12:24:13

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 27 /Yonhap/. “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино албан ёсоор “Netflix” стриминг үйлчилгээний бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй кино болжээ. 


Энэхүү кино зургаадугаар сарын 20-ноос үзэгчдийн хүртээл болж эхэлснээс хойш 236 сая хүн үзсэнээр өмнөх дээд амжилтыг тогтоосон “Red Notice” адалт явдалт инээдмийн киног /230.9 сая/ гүйцэж түрүүллээ гэж “Netflix” мэдээлсэн байна.


“Sony Pictures Animation” компанийн бүтээсэн уг кинонд хөгжмийн урлаг дахь замналаа үргэлжлүүлэхийн сацуу дэлхий ертөнцийг чөтгөрийн сүнснүүдээс хамгаалагч дайчдын үүрэг гүйцэтгэдэг “Huntr/x” гэдэг охидын хамтлагийн тухай өгүүлдэг.


“KPop Demon Hunters” киноны дуунууд нь мөн түүхэн амжилтыг үзүүлээд байгаа бөгөөд “Golden”, “Your Idol”, “Soda Pop”, “How It's Done гэсэн дөрвөн дуу нь “Billboard Hot 100” шилдэг дуунуудын жагсаалтын эхний 10-т нэгэн зэрэг багтсан анхны бүтээл болоод байна.


Энэхүү бүтээл үзэгчдийн дунд ихээхэн нэр хүндтэй байгаа тул уг киноны кинотеатрт зориулсан хувилбарыг АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Их Британийн кинотеатруудад тодорхой хугацаанд гаргажээ. Энэ нь мөн өндөр амжилтыг авчирч, өнгөрсөн амралтын өдрүүдэд ойролцоогоор 18 сая ам.долларын орлого олсноор Америкийн “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлснийг “Box Office Mojo” цахим хуудсанд мэдээлсэн байна.

 


Холбоотой мэдээ