“Шар хантаазтнууд” хөдөлгөөний удирдагчдын нэгийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-04 09:51:47
Yesukheitumur Tumurbaatar

ПАРИС. /AFP/. Францын Засгийн газрыг эсэргүүцэгч “Шар хантаазтнууд” хөдөлгөөний удирдагчдын нэг Эрик Друе-г мэдэгдэл хийлгүйгээр Парис хотын төвд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хэргээр цагдаа нар баривчилж, саатуулсан гэж тус улсын прокурорын газрын эх сурвалж мэдээллээ.


Тэрбээр өмнө нь жагсаалд оролцож байхдаа зэвсэг авч явсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа гэж цагдаагийн газраас мэдэгджээ.


Лхагва гарагийн орой Францын “Ялалтын хаалга” хөшөөний ойролцоох “McDonalds” түргэн хоолны газрын гадаа хэдэн арван жагсагчид цуглаж, Эрик Друе-г хүлээсэн байна.


“Шар хантаазтнууд” хөдөлгөөн шатахууны үнэ өссөн болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогыг эсэргүүцэж, 11 дүгээр сараас жагсаж эхэлсэн билээ.


Эрик Друе анх өнгөрсөн сард баривчлагдсан байна. Тэрбээр хориотой зэвсэг авч явсан хэргээр ирэх зургадугаар сарын 5-нд шүүх хурлаар орно гэж шүүх байгууллагын эх сурвалж “AFP” агентлагт мэдээлжээ.

Холбоотой мэдээ