Европоос ХАА-н салбарт хамгийн олон төсөл хэрэгжүүлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-05 10:42:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/ХХААХҮЯ нь донор орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тэдгээрийн дотор Европын орнуудын төсөл зонхилж байгаа юм.

    Тиймээс ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас олон улсын байгууллагуудын төслүүдийн зохицуулагч нартай саяхан уулзаж, төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцжээ. Газар тариалангийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, энэ онд хамтран ажиллах чиглэлээ тохирох зорилгоор хийсэн тус уулзалтаар тогтвортой газар тариалан эрхлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, зохистой дадал нэвтрүүлэх, салбарт мөрдөж буй стандартуудыг шинэчлэх, тариаланч, ногоочдыг сургах зэрэг чиглэлд олон улсын төслүүдтэй хэрхэн хамтрах талаар ярилцсан байна. 

 Манай улс газар тариалангийн салбарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол ногоо”, Герман улсын Холбооны Хүнс, ХАА-н яамны Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй”, АХБ-ны “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах”, Европын холбооны “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх” зэрэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр төсөл нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, салбарын ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч, хөрөнгө оруулж байна. 

Холбоотой мэдээ