Нисэх онгоцны ослоор амиа алдсан хүний тоо өнгөрсөн онд эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-07 14:15:28

ЛОНДОН. /BBC/. 2017 онтой харьцуулахад өнгөрсөн онд нисэх онгоцны ослоор амиа алдсан хүний тоо эрс нэмэгдсэн боловч арилжааны агаарын тээврийн компаниудын нислэгийн түүхэн дэх хамгийн аюулгүй жилүүдийн нэг хэвээр үлдэж байна.


2018 онд нисэх онгоцны ослын улмаас 556 хүн амиа алдсан гэж Нидерландад байрладаг “Агаарын аюулгүй байдлын сүлжээ” /Aviation Safety Network/ байгууллага мэдээлжээ. Индонезийн Lion Air компанийн нисэх онгоцны осол хамгийн аймшигтай осолд тооцогдсон байна. Уг ослоор 189 хүн амиа алдсан билээ.  


Арилжааны агаарын тээврийн компаниудын түүхэнд 2017 он хамгийн аюулгүй жил болжээ. 2017 онд 10 осол болсны 5 нь ачааны, 5 нь зорчигч тээврийн нисэх онгоцны осол байсан байна. Ослуудын улмаас 44 хүн амиа алджээ.


Статистикийн энэ мэдээлэлд цэргийн нисэх онгоцуудын болон арилжааны бус нислэгүүдийн үеэрх ослуудыг оруулаагүй аж. Хэрэв эдгээрийг харгалзвал 24 осол болж, 230 хүн амиа алдсан илүү харамсалтай тоон үзүүлэлт гарна.


ASN байгууллагын мэдээлснээр, 2018 онд арилжааны нислэгүүдийн үеэр 15 осол болсон бөгөөд зорчигч тээврийн 15 нисэх онгоц, ачааны 3 нисэх онгоц осолдож, 556 хүн амиа алдсан байна. Харин цэргийн тээврийн 25 нисэх онгоц осолдож, 917 хүн амиа алджээ.


2018 онд болсон нисэх онгоцны томоохон ослууд:

-Аравдугаар сарын 29-нд агаарын тээврийн Lion Air компанийн зорчигч тээврийн "Боинг-737 MAX"  нисэх онгоц Жакарта хотоос хөөрснийхөө дараа Ява тэнгист унаж, онгоцны бүхээгт байсан 189 хүн бүгд амиа алджээ. Комиссын гаргасан урьдчилсан дүгнэлтээр, уг нисэх онгоц техникийн хувьд агаарт хөөрөх ёсгүй байсан бөгөөд ашиглалтаас гаргах ёстой байсан байна.


-Тавдугаар сарын 18-нд Cubana de Aviacion компанийн "Боинг-737-201" нисэх онгоц Гавана хот орчимд осолдож, 112 хүн амиа алдсан байна. Ослын шалтгаан нь хүний хүчин зүйл болжээ.


-Хоёрдугаар сарын 11-нд "Саратовын агаарын тээвэр" компанийн "Ан-148" нисэх онгоц Москва орчимд осолдсоны улмаас 71 хүн амиа алджээ. Уг онгоц багийн бүрэлдэхүүний буруугаас болж осолдсон байна.


-Хоёрдугаар сарын 18-нд Iran Aseman Airlines компанийн ATR-72-212 нисэх онгоц Ираны Загрос ууланд осолджээ. Нисэх онгоцны багийн гишүүд цаг агаарын хүнд нөхцөлд алдаа гаргасны улмаас эсвэл навигацийн төхөөрөмжийн үйл ажиллагаанд саатал гарснаас осолдож сүйрсэн байж магадгүй гэж үзэж байгаа уг ослоор 66 хүн амиа алдсан байна.


-Гуравдугаар сарын 12-нд Катманду хотын нисэх онгоцны буудлын ойролцоо Bombardier Dash Q-400 нисэх онгоц осолдсоны улмаас 51 хүн амиа алджээ. Уг нисэх онгоцонд техникийн саатал гарсны улмаас осолдсон байна.


Холбоотой мэдээ