Ким Жөн Уны айлчлал ямар зорилготой вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-08 13:41:38

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай удахгүй хийх гэж буй уулзалтынхаа талаар Хятадын дарга Си Жиньпинтэй хэлэлцэх зорилгоор тус улсад айлчилж байгаа бол Хятадад хийж буй түүний айлчлал нь хөндлөнгөөс ажиглахад Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж эхэлсний нотолгоо юм. Ийм дүгнэлтийг Хятадын судалгаа шинжилгээний "Тайхэ" төвийн шинжлэх ухааны ажилтан Дин Ифань хийжээ. 


Ким Жөн Ун Хятадын даргын урилгаар тус улсад айлчилж байгаа бөгөөд түүний айлчлал нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ гэж Синьхуа агентлаг урьд нь мэдээлсэн билээ. 


“Ким Жөн Уны айлчлалын үеэр талууд Америк-Умард Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэж магадгүй. Ким Жөн Ун өнгөрсөн удаад Трамптай уулзахынхаа өмнө Далянь хотод Си Жиньпинтэй уулзсан бөгөөд хэлэлцээ удаан үргэлжилсэн. Энэ удаад Трамп хоёр дахь удаагаа Ким Жөн Унтай уулзах гэж байгаагаа Twitter-т бичсэн” гэж Дин Ифань РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 


Вашингтон болон Пхеньяны хооронд хийж буй хэлэлцээ амжилттай болж байгаа бөгөөд талууд мөн АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хийх газрыг хэлэлцэж байна гэж Трамп урьд нь сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. Хоёр орны удирдагчдын анхны уулзалт 2018 оны зургадугаар сард болж, талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэвээр гэдгээ нотолсон юм. 


Хятадын шинжээчийн онцлон тэмдэглэснээр, БНАСАУ аюулгүй байдлын баталгааны оронд цөмийн зэвсгээсээ татгалзсаны дараа улс орноо хөгжүүлэх тал дээр Хятадаас туршлага судлах хүсэлтэй байна. “Ийм учраас АНУ-тай энхийн хэлэлцээ хийх явцад Хятадын саналыг асуух хэрэгтэй. Эцсийн эцэст Хятад улс ч Солонгосын дайнд оролцож, мөн дайныг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурагч тал байсан” гэж Дин Инфань ярьжээ. 


АНУ-тай хийж буй хэлэлцээний явцын талаар БНАСАУ Хятадад мэдээлж байгаа нь зохистой, зүйд нийцсэн явдал гэж Хятадын шинжээч үзэж байна. 


Хэвлэлүүдэд мэдээлснээр, Ким Жөн Ун галт тэргээр Хятадад хүрэлцэн очжээ. Энэ нь Ким Жөн Уны жил хүрэхгүйн хугацаанд Хятадад хийсэн дөрөв дэх удаагийн айлчлал юм. Өмнө нь тэрбээр гуравдугаар 25-28-нд, тавдугаар сарын 7-8-нд, зургадугаар сарын 19-20-нд айлчилжээ. 


Холбоотой мэдээ