МИАТ ХК нэг онгоцны засвар үйлчилгээнээс 250-500 мянган ам.долларын орлого олдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-08 16:00:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2016 оноос эхлэн ажиллаж буй Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2018 онд нийтдээ 11 тэрбум төгрөгөөр 12 нисэх онгоцонд засвар үйлчилгээ хийсэн нь хамгийн их орлого олсон жил болсон байна. 2019 онд ямар зорилт тавин ажиллаж байгаа талаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Үйлдвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Чулуунжаваас тодрууллаа.

-Бид энэ онд 20 орчим агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөн эхний шатны гэрээ хэлэлцээрийг хийж, техникийн бэлэн байдалд шилжээд байна. 2019 онд орлогоо 10-15 хувиар нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа. Манай газар 2017 онд 25 онгоц засварлаж нийтдээ 5.2 сая ам.долларын орлогыг компанидаа оруулж байсан. Өнгөрсөн онд засварласан агаарын хөлгийн тоо багассан боловч том төрлийн буюу “Боинг” онгоцонд ихэвчлэн засвар үйлчилгээ хийсэн нь 2 дахин илүү цаг зарцуулж, мөн 2 дахин их орлого оруулж, өмнөх оны орлоготой тэнцэж илүү ч дүн гарч байгаа.


-Манайд аль улсын агаарын хөлгүүдийг засвар үйлчилгээ хийлгэж байна вэ?

-Манайх одоо гадаадын үндсэн 9 үйлчлүүлэгтэй байгаа. ОХУ, Тайланд, БНСУ-ын тус бүр 3 үйлчлүүлэгч байгаа. Үүн дээр нэмээд энэ онд БНХАУ-ын болон Монголын хил орчмын бүс нутаг БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг газраас агаарын хөлгүүдийг авчирч техник үйлчилгээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Нэг онгоцонд хэдэн төгрөгийн засвар, үйлчилгээ хийдэг вэ?

-Агаарын нэг хөлгийн техник үйлчилгээ дунджаар 250-500 мянган ам.доллар байдаг. Жишээ нь, “Боинг-737” онгоцны техникийн засвар, үйлчилгээ гэхэд 14-20 хоног үргэлжилж, энэ хугацаанд багтаан засварлаж хийхэд 250-500 мянган ам.долларын орлого олдог.

-Гадаадын орнууд манай улсад агаарын хөлгийн засвар үйлчилгээгээ хийлгэдэг нь манай инеженерүүдийн ур чадвартай холбоотой байна уу? Ямар онцлог, давуу тал байна вэ?

-Манай газрынхны үндсэн давуу тал гэвэл Монгол инженерүүдийн ажил гүйцэтгэх чадвар, найдвартай үйл ажиллагаанд оршиж байдаг. Хамгийн гол нь ажлыг хариуцлагатай, итгэлтэй гүйцэтгэдэгт онцлог нь байгаа болов уу. Энэ байдлууд гадны үйлчилүүлэгчдийг татаж дуртай ирдэг.

-Нэг онгоц засварлахад хэдэн хүн ажилладаг вэ? Ажиллагаа хэр нарийн байдаг вэ?

-Манайд 148 гаруй инженер ажилладаг. Нэг онгоцонд 30-35 инженер, техникийн ажилчид баг болон засвар үйлчилгээг 14-20 хоногт багтаан хийдэг. Энэ нь бид 2-3 онгоцонд зэрэг ажиллах хүчин чадалтай гэсэн үг.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ