Япон хүн оршин суудаггүй арлыг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-09 11:57:51

ТОКИО. /TASS/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тавцангаас нисэх онгоцууд хөөрөх, буух сургуулилтыг шилжүүлэх зорилгоор Японы баруун өмнөд нутагт оршдог Кагошима мужийн хүн оршин суудаггүй Магэ арлыг тус улсын Батлан хамгаалах яам 16 тэрбум иенээр /147 сая гаруй ам.доллар/ худалдан авахаар шийджээ. Yomiuri сонинд лхагва гарагт мэдээлснээр, урьдчилсан гэрээнд энэ долоо хоногт гарын үсэг зурах аж.


Токиогийн нэгэн хувийн компани бараг бүхэлд нь эзэмшдэг уг арлыг гуравдугаар сард багтаан цэргийнхэнд шилжүүлэн өгнө. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тавцангаас нисэх онгоцууд хөөрөх, буух сургуулилт нь асар их чимээтэй байдаг учраас Японы ард иргэд болоод орон нутгийн удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгардаг байна. Үүний улмаас ийм сургуулилтыг бараг хүн оршин суудаггүй, алслагдмал арал болох Ивозима руу шилжүүлэхээр шийджээ. Гэвч уг арал Токио хотоос маш хол 1200 гаруй км зайтай оршдог учраас хоёр орны цэргийнхэн ийм сургуулилтыг Магэ аралд шилжүүлэх асуудлыг судлах шийдвэрийг бүр 2011 онд гаргасан байна. Уг арал Хоншю арлын зүүн өмнөд хэсгийн Ивакуни аралд байрладаг АНУ-ын тэнгисийн явган цэргийн баазаас ердөө 400 км зайтай оршдог аж. 


Найман хавтгай дөрвөлжин км талбай бүхий Магэ арал дээр нисэх онгоцны буудал болон Японы Зэвсэгт хүчний бусад объектыг барихаар төлөвлөсөн бөгөөд дараа нь Америкийн нисэх хүчинтэй хамтран ашиглана.



Холбоотой мэдээ